Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2023 онд шинэчлэн солих, засварлах дулааны шугам болон зам, гүүрэн байгууламжийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээлэл өглөө.
Хотын ерөнхий менежер М.Баяраа: “Улаанбаатар хотод хийгдэх инженерийн барилга байгуулам, дулаан, цахилгаан, бохир, цэвэр усны шугамын ажлууд хийгдэнэ. Энэ ажилтай холбоотойгоор зарим ногоон байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх, зам талбайг хуулна.
Улаанбаатарт нийтийн эдэлбэрийн талбайн доор хийгдсэн олон байгууламжууд байдаг. Эдгээрийг өргөтгөх, шинэчлэх, засварлах нөхцөлд газар шорооны ажил хийгддэг. Төсөв суугдсан, бэлтгэл ажлаа хангасан учир зуны гурван сард дэд бүтцийн байгууламжийн ажлууд хийгдэхийг иргэд ойлгож, хүлээцтэй хандана гэдэгт итгэж байгаа.
УБЗАА-наас бусад байгууллагын хийгдэж буй ажилтай уялдаа холбоог хангах, иргэдийн амьдралд сөрөг үр дагавар гаргахгүй байхад анхаарч ажиллана.
Энэ зун хийгдэх ажлуудыг танилцуулъя.
Улаанбаатар хотын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, зуны их урсгал засварын хүрээнд инженер хангамжийн чиглэлээр 24 байгууллага ажиллана.
-
-
- “УБДС” ТӨХК 19 байршилд дулааны гол шугам сүлжээний засвар
- УБЦТС ТӨХК 13 байршилд цахилгааны шугам, кабелийн засвар
- “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨХК шинээр сувагчлал хийх, сэргээх, худаг суурилуулах ажлыг 18 байршилд
- “Барилгын Хөгжлийн Төв”-өөс Залуус-1 хорооллын дулаан хангамж, Дарь-Эхийн гэр хорооллыг ариутгах татуургын шугамыг холбох гээд хоёр ажил
- “ОСНААУГ” хороолол доторх инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг 8 байршилд
- УСУГ-аас ус хангамж ариутгах татуургын тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлийн 13 төсөл
- Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас халаалтын зуухны засварын ажлыг 108 байршилд
- Геодези, усны барилга байгууламжийн газраас хөрсний болон авто замын ус зайлуулах шугам хоолойн 6 төсөл
- Улаанбаатар лифт компани ашиглалтын шаардлага хангахгүй болсон цахилгаан шат шинэчлэх 21 арга хэмжээ
- Хот тохижилтын газраас ногоон байгууламжийн тохижилт
- УЗЗААГ авто замын нөхөөс, гүүрэн болон нүхэн гарцны засвар арчлалтыг 4 байршилд
- ЗХУТ-өөс 4 байршилд гэрлэн дохио суурилуулах
- ННТГ шинэ автобусны 5 буудал барих
- Нийслэлийн замын хөгжлийн газраас авто зам, гүүрний байгууламж 21
- Нийслэлийн орон сууцны бодлогын газраас инженер хангамжийн дэд бүтцийн 8 ажил
- Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслөөс инженерийн шугам сүлжээ, дэд төвийн барилга байгууламжийн 32 ажил
- Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах 2 дахь төслийн нэгжээс халаалтын зуух буулгах, төвлөрсөн дулаан хангамжид холбох хоёр ажил
- Нийслэлийн 9 дүүрэгт нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажил гээд 644 ажил төлөвлөгдсөн байна. Эдгээр ажлын цаана газар шорооны ажлууд хийгдэнэ.
-
Газар шорооны ажилд явган хүн, дугуйн зам, ногоон байгууламж, бусад объект барилга байгууламж өртөж байгаа. Эдгээрийн нөхөн сэргээлтийг дээрх нэр бүхий байгууллагууд хариуцна.
Тухайлбал, нэг метр явган хүний замыг хуулаад эхлэхээр энэ юу болов гээд бужигнаад эхэлдэг. Тэгвэл үүний цаана засварын ажил хийгдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хийгдэж буй ажлын талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд иргэдэд нээлттэй болгочихно”.