Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах “Урьтаж ухаар” аяныг орон даяар энэ сарын 15-21-ний өдрүүдэд зохион байгуулах болсныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс мэдээллээ.
2023 оны эхний улиралд зам тээврийн 7,275 осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 196 хүүхэд гэмтэж, долоо нь амь насаа алдсан бол 311 насанд хүрсэн хүн гэмтэж, түүнээс 70 нь амь насаа алдсан байна.
Дэлхийн Банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100,000 хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна.
Гэтэл Монгол Улсад энэ тоо 21 буюу бүс нутгийн хэмжээнд зам тээврийн ослын шалтгаант нас баралт дээгүүр бичигдэж байгааг 2022 онд Үндэсний Статистикийн хорооноос танилцуулсан байдаг.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 2021-2030 оны төлөвлөгөөнд 2030 он гэхэд зам, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн хандлагыг өөрчлөн, тусламж үйлчилгээг сайжруулж, зам тээврийн ослыг 50 хүртэлх хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна.