[starbox]
-Нас дээр гарсан эмгэд, залуу бүсгүйчүүд жихадуудыг хэрхэн бууддаг вэ-
Афган эмэгтэйчүүд ойр дотных нь хүмүүсийг хөнөөсөн “Исламын улс”, “Талибан”-ы дайчдаас өс хонзон авахын тулд гартаа зэвсэг барих нь нэмэгджээ. Тэдний зарим нь өөрсдөө буудаж сурч байхад зарим нь цагдаагийн дэргэдэх курс төгсөж, нэг хэсэг нь Британийн офицеруудын явуулдаг цэргийн академид явдаг байна. Өс хонзон авах тулаанд автомат буу өргөж дийлэхтэй үгүйтэй хөгшин эмгэд ч явдаг аж.
Даашинзтай “үхэл”
“Эхлээд тэд миний ахыг хөнөөсөн. Дараа нь үеэлийг, авга ахыг, хүргэн ахыг хороосон. Тэдний төлөө би эцсийн цусаа дуустал дайтах болно” хэмээн Афганы эмэгтэйчүүдийн батальоны хээрийн командлагч, 53 настай Зармина ярьж байна. Анхандаа түүний отрядад ердөө л 45 эмэгтэй дайчин байжээ. Харин одоо гэрийн хормогчоо сум нэвтэрдэггүй хантаазаар солих эмэгтэйчүүдийн тоо өссөөр байна. Тэд тэсвэр тэвчээр заан шүд зууж, эрчүүдэд жишим ч үгүй хариуг нь барьсаар байна.
Сүүлийн үед Исламын улсын дайчид, талибанууд руу халдах эмэгтэйчүүдийн тоо улам нэмэгджээ. Эмэгтэй дайчдын хөдөлгөөн анх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Афганистаны хойд хэсэгт орших Дарзаб дүүргээс эхэлсэн түүхтэй. Энд л Зармина бэлэвсэрсэн, өнчирсөн афган эмэгтэйчүүдээр өөрийгөө хүрээлүүлжээ.
Түүний хэлж буйгаар Афганистаны олон эмэгтэй өдөр өдрөөр цөөрч буй цагдаа, цэргийнхнийхээ талд орохоос өөр аргагүй болж байгаа гэнэ. Тэрбээр нэг бус жихадыг буудаж хороосон ч дайчидтай нүүр тулсан анхны уулзалт нь сэтгэлд нь хоногшин үлджээ. “Тухайн үед талибууд манай цагдаагийн хэсэг рүү халдсан юм. Энэ үед би шууд алчуураа хаяад л буудаж эхэлсэн. Надад ердөө 21 сум байсан. Гэхдээ би долоон талибыг цааш нь харуулж дөнгөсөн” хэмээн дурсчээ.
Зарминагийн отрядад шинээр эмэгтэйчүүд элсэхэд тэдэнтэй сэтгэл санааг нь өргөх уулзалт ярилцлага зохион байгуулдаг байна. Эмэгтэйчүүдэд Фарах мужийн нэгэн афган эмэгтэйн тухай түүхийг ярьж өгдөг аж. Тэрхүү эмэгтэй нь 25 талибыг устгаж, тавыг нь хүнд шархдуулсан бөгөөд Хяналт шалгалтын хэсгийг хамгаалж байсан хүүг нь дайчид нүдэн дээр нь буудсан гэнэ. Ингээд зовлон шаналалдаа автсан хөөрхий эх Хяналт шалгалтын хэсэгт үлдсэн зэвсгийг шүүрч аваад хорлогчдын эсрэг гал нээж эхэлжээ.
Надаас өмнө тэр…
Афганистанд залуу эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдтэй мөр зэрэгцээд өндөр настай эмгэд ч дайтаж байна. Тэд бол дайчдад онцгой аюултай хүмүүс. Яагаад гэвэл хөөрхийлөлтэй харагдах эмгэн толгой руу нь сум зоох юм чинээ хэн ч санахгүй. Энэхүү өвөрмөц “үхлийн отряд”-ын тэргүүн эгнээнд Гюль Биби хэмээх 90 насыг зооглосон эмээ багтдаг. Тэрбээр дайны хөлд ойр дотны олон хүнээ алдаж, зовлон үзжээ. “Миний гэр бүлээс есөн хүн амиа алдсан. Талибууд, Исламын улсын дайчид миний таван хүү, дөрвөн ач, зээг хөнөөсөн” хэмээн ярих аж.
Бибигийн удирдлаган дор дайтаж буй эмгэд хойд Жаузжан мужийн хэт даврагсдын чичрүүлдэг. Ингэхдээ төвийн засаг захиргааны тусламжийг огт авахгүй. Зарим эмээ сүүлчийн малаа зарж, “калаш” худалдан авч байхад зарим нь цагдаагийн хэсгийг сүрдүүлж байж зэвсэгтэй болох жишээтэй. Энэ тухай цагдаагийн газрын дарга Шеру Али “Эмэгтэйчүүд над дээр шууд хүрч ирээд л өөрсдөд нь зэвсэг өгөхгүй бол Исламын улсынхан, талибуудаас өмнө өөрсдийгөө шууд газар дээр нь хороох болно гэж сүрдүүлсэн. Орон нутгийн хэв журам сахиулагчид эмэгтэйчүүдтэй уулзаж, тэднийг автомат буу, зэвсгээр хангасан. Одоогийн байдлаар өндөр настнууд хэдэн зуун алан хядагчдыг устгаад байна” хэмээжээ.
Эмгэд ихэвчлэн өөрсдөө буудаж сурдаг байна. Харин гартаа зэвсэг барихаас эмээж буй эмэгтэйчүүдэд зарим цагдаагийн хэсгийнхэн үнэгүй хичээл ордог аж. Нийт хэчнээн эмэгтэй курст суусан тухай тодорхой баримт алга байна. Гэхдээ сургалтад долоо хоног бүр 40-50 эмэгтэй шинээр элсдэг гэсэн мэдээлэл бий.
Эмэгтэйчүүдийн цэргийн академи
Британийн армийн ахмад Дэниэл Бержес цэргийн академид элсэж буй афган эмэгтэйчүүдийн талаар “Яасан ч их урам зоригтой юм бэ. Тэд улс орондоо маш их итгэдэг. Түүнийхээ төлөө өдөр бүр өөрсдийгөө эрсдэлд оруулдаг” хэмээн дүрслэн өгүүлжээ.
Британийн эвслийн цэргүүд 2014 онд Афганистаныг орхисон боловч өдгөө тус улсын цэргүүдэд зааварчилгаа, зөвлөгөө өгөх мэргэжилтнүүд үлджээ. Үүнээс гадна Британийн офицерууд Кабулд Беркширийн Хатан хааны цэргийн академийн адил “Элсэн дэх Сандхерст” цэргийн академийг нээсэн байна. Афганистаны сургалтын хөтөлбөр соёл, шашны ялгааг эс тооцвол Британийнхтай бараг адил.
“Элсэн дэх Сандхерст” 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа ч энэ хичээлийн жилд цэргийн боловсрол эзэмших, офицер цолтой болох хүсэлтэй эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгджээ.
Энд суралцаж буй эмэгтэйчүүд бүр дайчидтай хувийн тооцоотой. Тухайлбал 22 настай суралцагч Нафиса Расули бүсгүй“Би Исламын улс, Талибаныг үзэн яддаг. Тэд бол манай улсын дайснууд. Би Афганистанаа эрх чөлөөтэй, аюулгүй улс болоход нь хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Миний хувьд зүгээр сууж байснаас эх орноо хамгаалаад үхсэн нь дээр” хэмээжээ. Түүний найз 21 настай Захра Ахамади ч үүнтэй санал нэг байна. Өмнө нь тэрбээр алан хядагчдаас маш их айдаг байсан бол өдгөө тэдэнтэй дайтахад бэлэн байгаа гэнэ.
Аюултай отряд
“Дайчидтай тэргүүн эгнээнд тулалдана гэдэг эмэгтэй хүний хийх ажил биш. Гэхдээ одоо зэвсэглэсэн афган эмэгтэйчүүдтэй цагдаагийн газарт ч, армид ч тааралдаж болно” хэмээн Афганистаны генерал Рахмат ярьж байна. Түүний хэлж буйгаар иргэд, хууль сахиулах байгууллагынхан зөвхөн эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийг жихадуудтай байлдаж буйд баяртай байгаа гэнэ.
Гэхдээ энэ асуудал хүн бүрийг баярлуулахгүй байгаа бололтой. Ихэнх эрчүүд эмэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн дайтах дуртай байдаг. Үүнээс гадна Афганистаны засаг захиргаа зэвсэглэсэн эмэгтэйчүүдийн бүлэглэл хүрээгээ тэлж буйг том асуудал гэж үзэж байна.
Тухайлбал Афганистаны ДХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ражиб Даниш “Ийм бүлэглэлүүд манай хууль ёсны зэвсэгт нэгдлүүдэд нэгдэхээс нааш бид тэдгээрийг хүлээн зөвшөөрч, дэмжиж чадахгүй” хэмээн ярьж байна. Афганистаны засаг захиргааны албан ёсны төлөөлөл танхимдаа ийм мэдээлэл хийж байх зуур тус улсын хэдэн зуун охид жихадуудтай тулалдсаар л байгаа юм.