ЭХИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ХӨГЖИЛД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ
Нярай хүүхдийн сэтгэл зүйн хөгжил төрсөн цагаас эхлэн 1 нас хүртэл хамгийн эрчтэй явагддаг бөгөөд амьдралынхаа туршид сэтгэл санаа тайван тогтвортой байхад чухал нөлөөг үзүүлдэг. Эхний жил дэх сэтгэл зүйн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлдэг хүн бол эх байдаг. Эхийн хайр халамжийг нярай эхийнхээ нүүр царай, халамж энхрийллээс хүлээн авдаг билээ.
Эх сэтгэл санаагаар унах, ядрах, гуниглах, уцаарлах гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл нь дөнгөж төрсөн нярайн сэтгэл зүйн хөгжилд сөрөг нөлөөг авчирдаг тул
төрөөд удаагүй байгаа эмэгтэйчүүд сэтгэл санааны байдлыг анзаарах, тайван байх сэтгэл гутарч байгаа эсэхэд санаа тавих нь чухал байдаг.
ГЭРТЭЭ ХҮҮХДЭЭ АСРАХ НЬ ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ
Хүүхдээ хайр халамжаар өсгөн гэртээ суугаа эхчүүд үнэндээ хамгийн том хөрөнгө оруулалтыг хүүхдэдээ хийж байгаа юм. Үүнийг бид байшингийн суурьтай холбогдуулан зүйрлэх юм бол хүүхдийнхээ сэтгэл зүйн хөгжлийн хамгийн чухал суурийг тавьж байгаа үе гэж ойлгох нь зүйтэй. Энэ үе эцэг эхчүүдийн хувьд хэдий амаргүй үе ч гэсэн хамтдаа давж гарах хэсэгхэн үе юм. Тиймээс ялангуяа эхчүүдийн хувьд хүүхдээ дор хаяж 1 жилийн хугацаанд болж өгвөл 2 нас хүртэл нь өөрөө харж өсгөх нь чухал юм.
ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛ ЯАГААД ТОХИОЛДДОГ ВЭ?
Төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар болох Эстроген болон Прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог Серитонин (Аз жаргалын гормон гэж зарим хүмүүс нэрлэдэг) болон Неоадерналин мэдрэлийн эс дамжуулагч буурахад нөлөөлдөг учир сэтгэлээр амархан унахад хүргэдэг.
Серитонин дутагдах үед сэтгэл дүнсгэр, түгшүүртэй, паникт орох, айдас, хоолны дуршил ихсэх гэх мэт шинж илэрдэг бол неоадерналин дутагдах үед сэтгэл дүнсгэр, анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг. Дээрх шинж тэмдэг 2-3 долоо хоног үргэлжлэн хэвийн болдог.
Төрсөн эмэгтэй бүрд гутрал явагддаггүй ба гутралын хэр хэмжээ харилцан адилгүй байдаг.
Хэрвээ удаан хугацаанд 4-өөс дээш 7 хоног үргэлжлэн байнга уурлаж уцаарлах, нойргүйдэх, их уйлах, эцэж ядрах, буруутгал мэдрэх, амьдрах утгагүй мэт санагдах, итгэл найдваргүй болох гэх мэт шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь зүйтэй.
СЭТГЭЛ САНААГ ТАЙВАН ӨӨДРӨГ БОЛГОХ НАТУРАЛ ШИЛДЭГ АРГА ЮУ ВЭ?
Стресс ядаргааг тайлахад хамгийн шилдэг арга дасгал хөдөлгөөн байдаг, дасгал нь серитонин ялгаралтыг ихэсгэж сэтгэл санааг өөдрөг болгодог. Судалгаагаар аеробек нь сэтгэл гутралыг багасгах нөлөөтэй гэдгийг баталжээ.
Мэдрэлийн эс дамжуулагчдын ялгаралтыг ихэсгэхэд бас нэг нөлөөтэй зүйл бол Fish Oil буюу Омега 3 байдаг тул өдөрт 1 удаа уух нь тустай.
Ойр дотнынхондоо өөрийнхөө сэтгэл санааг нээлттэй хуваалцах, адилхан хүүхэд гаргасан эхчүүдтэй найзалж нөхөрлөх, нөхөртэйгөө болзох зэрэг нь тустай.
Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төвийн Тэргүүн,
Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул