Миний хүндэтгэж явдаг эрдэмтэн нийтлэлч ах маань ийм нэгэн санаа хэлдэг юм. Юу гэвэл социализмын үед хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйнуудад эмчилгээ–тэжээлийн цэг гэж жижиг алба ажилладаг байжээ. Мал аж ахуйтай бол тийм цэг ажилладаг хуультай. Тэнд нь мал болохоосоо өнгөрсөн дутуу төрсөн, сохор доголон, эсвэл өнчирсөн хурга, ишиг, унага, тугал, ботго хүлээн авч мал болгодог ба мал болж чадаагүйг нь тэгсгээд зааз бойнд явуулдаг байсан юм уу даа. Тэгвэл өнөөгийн Монгол маань Эрээний эмчилгээ–тэжээлийн цэг шиг болчихсон байна хэмээн ахмад эрдэмтэн нөхөр маань палхийтэл надад хэллээ.
Би их эргэцүүлж бодлоо. Түүний ярьснаас жишээлээд ерөөсөө манай эх орон ямагт эдийн засгийн гачлантай байдгийг эргэцүүллээ. Тэгээд ерөөсөө мөнгө тогтдоггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Эрээний түүхийг би муугүй мэднэ. Монгол-Хятадын хил шалгах комисст ажиллаж байхдаа 1982 онд тийшээ очиж үзсэн ба навсгар, навтгар шавар тагз бүхий тосгон, хажууд нь манай Замын-Үүд цэцэглэн хөгжсөн социалист гэгээлэг хот байсныг харьцуулан бичиж байсан даа.
Тэгвэл одоогийн Эрээн гэж манайхны хувьд хөгжил цэцэглэлийн үзмэрэн хот болохын наагуур. Энэ ч яахав. Үндсэн сэдэв: Монголын эдийн засаг гурван салбартай хэмээн би бичдэг. 1) Уул уурхай; 2) Мал аж ахуй; 3) Хувийн худалдаа.
Хувийн худалдаа, ганзагын наймаа Монголын эдийн засгийн гурав дахь том салбар хэмээн би энд бахархан бичээгүй, үлэмж гутрангуйгаар бичиж байгаа хэрэг шүү. Гучин жил энэ замаар явлаа. Одоо болих хэрэгтэй. Улсад, төрд, хүн ардад мөнгө тогтдоггүй, мөнгө тогтоодоггүйн учир шалтгааныг энэ их эх захгүй худалдаанаас хайвал таарна. Хуримтлуулсан мөнгөө хил давуулж (ихэнхдээ өмнөшөө, Эрээн рүү) юүхэн хээхэн, шалдар булдар юмаар (хүнсийг тооцно) арилжаад, түүнийгээ авчирч хэдэн биендээ зарж, олсон мөнгөө дахин хил давуулж дараагийн бараагаа (хүнс орно) авчирч зардаг эргүүлэг л 30 жил явжээ.
Хувийн худалдаа, ганзагын наймаа нь Монголын үйлдвэрлэл, дотоодын худалдаа–бэлтгэлийн салбарыг бүрэн нураасан гэдэгтэй уншигчид санал нийлэх байх. Аж үйлдвэр гэж томоор ярихгүйгээр үйлдвэрлэл гэлээ.
Үйлдвэрлэл, дотоодын худалдаа–бэлтгэлийг нураасан гэдгээсээ ч илүү урхагтай. Монголчуудын хөдөлмөрлөх, хөдөлмөр хийж амь зуух, мөнгө хэмнэх, хөдөлмөр зүтгэл гаргах сэтгэхгүйг алж хаясан нь хамгийн том аюул юм. Бүр аймшиг юм. Монголчууд зөвхөн Эрээн гэх өмнөд хөршийн хилийн ганцхан боомтоос хамааралтай аж төрж, зовлогоо зовоож байгааг ковидын хоёр жил яалт ч үгүй харуулчихлаа. Хөөрхий монголчууд үндэсний үйлдвэр, хөдөө аж ахуйгаа үгүй хийчхээд зөвхөн манай нэг муу Эрээнээс хамааралтай болчихсон байх ч гэж дээ хэмээн хятадууд, өвөрмонголчууд биднийгээ хөөрхийлж дамшиглаж суудаг байх даа, ичиж үхмээр юм.
Монголд ардчилсан хувьсгал ялаад Америк, Барууныхан ардчиллыг маань дэмжээд 30 жил явсныг хүлээн зөвшөөрч байна аа. Гэхдээ Монголын эдийн засаг ийм болтлоо шалчийж, үйлдвэрлэхээ больж, хүмүүс нь наймаачин болсонд тэр Америк, Барууныхныг очиж буруутгах явдал (“Та нарын муу америк чинь ийм болгосон!”) түгээмэл байдаг. Гучин жилд ганц хоёр удаа төр барилцсан ардчилсан хүчнийхэн рүү омогтойгоор буруутган дайрахыг өдөр бүр л бид харж байна.
Монголын эдийн засаг ийнхүү “үхээнц” болоход Америк, Барууныхан ямар гэм хийснийг “Тэд тэглээ, ингэлээ” гээд шууд нэрлэe. Оюутолгойн хөрөнгө оруулалтаас өөрөөр барууныхныг очиж нэрлэх баримт байна уу? Хоттой мал руу чинь америк, япон, герман, англи хүн ороод самраад хаясан уу? Үйлдвэр–комбинатыг чинь америк, япон, герман, англи хүн очоод үнсэн товрого болгоод, хамаг машин сэлбэгийг нь Хятад руу зөөчихсөн үү?
Гол шалтгаан тодорхой. Далан жил зөвлөлт нөхдөө дагаж үйлдвэржихдээ эдийн засгийн хүмүүжил–соёл суухгүй явсаар зөвлөлтүүд хаяад гараад явахад л “монгол пролетари”-ийн яс, мөн чанар цухуйсан нь тэр бус уу? Монгол хүний сэтгэхүй–хүмүүжил–соёлтой холбогдож таарна. Үрэлгэн, задгай, шууд хэрэглээд бардаг, нөөцлөх сэтгэхүй байхгүй гэх мэт Монголд мөнгө тогтоодоггүй шалтгааныг ярилтгүй.
Хамгийн гол буруу юу байсан бэ? Эрх чөлөөг нь боймлогч нүднээ үл үзэгдэх гинжийг тасар татан хаяж, эрх чөлөөг нь амлуулан атгуулж, дээр нь гадаадад зорчих эрхийг нь баталгаажуулж өгсөн явдал л “гол буруу” болно.
Зүв зүгээр гарт ороод ирсэн эрх чөлөөгөө эдлээд гадаад руу хуйгаараа хошуурсаар эцэст нь Эрээнээс хамааралтай болчхоод байгаа нь энэ. Америк, Барууныхан монголчуудыг Эрээн рүү гаргаж албан хүчээр наймаа хийлгээгүй тул Монголын эдийн засгийг нураасан “гэмтэн”-ээр нь харин Эрээн хот, Хятадыг цаана нь тодруулж болно. Хэтрүүлэг шүү, уучлаарай!
Өөр нэг сэдэв.
Монголын эдийн засгийг тодорхойлдог хамгийн том талбар бол нийслэл Улаанбаатар юм. Хувийн худалдаа-ганзагын наймааны нийслэл гэж нэрлэсэн ч буруутахгүй. Асар их мөнгө сул эргэлдэж байдаг, хар зах хөгжсөн, далд бохир эдийн засгийн төв нь Улаанбаатар өөрөө юм. Тэгэхдээ дэлхийн том том мега хотуудад тохиодог жам ёсны эсрэгээр төлөвшиж буй мега–тосгон, мега–гэр хороолол, машинан хот.
Эдийн засгийн онолчдын заадгаар, улс төрчдийн уухайлдгаар хүн ам их төвлөрөх, хот томрох нь зөв үзэгдэл юм гэсэн. Хүн амын төвлөрлийг дагаад эдийн засаг өсдөг, мөнгө эргэлддэг, мөнгө хуримтлагддаг, ажлын байрууд буй болдог, төвлөрсөн их хотын хүн амын амьжиргаа дээшилдэг, газар эргэлтэд ордог, өөр юу юу ч гэнэв, маш гэгээлэг зүйл ярих юм билээ. Тэр гэгээлгийг нь би л лав олж харахгүй байна.
Тэр гэгээлэг сургаалд нь итгэсэн хоёр сая хүн Улаанбаатарт шавааралдан аж төрнө, Улаанбаатарын хүн амын өсөлт тасралтгүй явсаар 32 дахь жилдээ орлоо. Эдийн засгийн шинжлэх ухаанд заасан, дэлхийн бусад том хотуудад нотолсон нөгөө төвлөрсөн их хотын хөгжил дэвшил, хотын эдийн засаг байдаггүй шүү. Гуч дахь жилдээ нийслэлээ там болгочхоод явцгааж байна.
Хүн ам их өссөний хэрээр манай нийслэлд эдийн засаг өссөнгүй, мөнгө эргэлддэг ч тогтдоггүй, нийтээрээ мөнгөний гачаалтай, мөнгө хуримтлагддаг нь бүр лөөлөө, ажлын байрууд үй түмээрээ ажиллах эзнээ хүлээж байна, хүн очдоггүй. Нийслэлд хүн ам нэмэгдсэний хэрээр төрөлх хотын маань агаарын ба экологийн бохирдол чинээндээ туллаа, замын түгжрэл чинээндээ туллаа, үгүйрэл ядуурал хэрээсээ хэтэрлээ. Улсын хэмжээний нийт ядуу, гуйлгачин иргэдийн 90 хувь нь нийслэлд шигдэн үлгэн салган аж төрнө. Тэд нийслэлдээ ямагт хасах үнэлгээ авчирна.
Монголын эдийн засаг миний бодоход маш хялбар, эдийн засгийн шинжлэх ухааны эрдэмтдийн ухаан шаардахгүйгээр гэж бичсэн дээ. Эдийн засгийн шинжлэх ухаан оролцохгүй юм бол тэгээд хэн орлох вэ?
Хариулт нь бас тун хялбар. Сэтгэл судлалын шинжлэх ухаан, дээр нь хууль цаазын ухааныг (ажиллуулах албадлага, үгүйрлээс нь салгах албадлага) нэмбэл хариулт нь гараад ирнэ. Зөв амьдрах ур ухаан, дадал суугаагүй хэдэн зуун мянга, магадгүй сая гаран монгол хүний тухай яриа. Зөв амьдрах ухаан суугаагүй сая гаран иргэндээ чирэгдэж буй ядмаг эдийн засаг, ядмаг санхүү. Ямар ч бүтээн байгуулалт, барилга байшин, зам харгуй бариад, ямар ч сайхан урлаг уран сайхан, спорт, шашин хөгжүүлээд өөдөлдөггүй сая гаран хүн ам. Мөнхөд байж байх тавилантай, мөнхөд бусдыгаа арагш нь чирч, сорж байх хуультай.
Монголчууд өнөөдөр бултаараа 14 хувиар ядуурчхаад байна гэx албаны хүний үг үнэн л байдаг байгаа даа? Гэнэт айчихлаа.
(Үргэлжлэл бий)
Судлаач Олхонуд Баярхүү