НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг Хотын дарга Д.Сумъяабазар өглөө.
Тэрбээр “Хоттой холбоотой харилцааны суурь зохицуулалтыг агуулсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан. Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн төсвийн хөрөнгө хангалтгүй тул эрх зүйн боломждоо тулгуурлан нийслэлийн бонд, үнэт цаас гаргах, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгааг” мэдээллийн эхэнд онцолсон юм.
Мөн иргэдийн амьдрах, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төслийн хүрээнд нийт 3133 айлын 25 орон сууц ашиглалтад орсон. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 16,671 айлын орон сууц ашиглалтад орлоо. Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт төвлөрсөн инженерийн шугам сүлжээний хангамжаар хангагдах боломжгүй дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэхээр гурван байршилд “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд нийт 187 байршилд 81396 ам метр талбай бүхий 4522 гарааш чөлөөлснөөс 71384 ам метр газарт нь тохижилт хийв. Сэлбэ дэд төвийн 28 мвт хүчин чадал бүхий дулааны станц, гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил бүрэн дууссан. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийг барих төслийн барилга угсралтын ажил 65 хувьтай үргэлжилж буй. “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус түгээх 182 байрыг автоматжуулах ажил тус тус хийгдэж байна” гэсэн юм.
Эх сурвалж: НИТХ-ын ХМТ