Кето диетыг 100-аад жилийн өмнөөс хүүхдийн эпилепсийг эмчлэхэд хэрэглэж иржээ. 1970 онд доктор Аткинс нүүрс-ус багаар агуулсан илүүдэл жин хасах 2 долоо хоногийн хоолны хөтөлбөр танилцуулсан нь олон нийтэд ихэд түгсэн юм. Кето диет болон Аткинс диет нь нүүрс ус бага агуулсан гэдгээрээ ижил төстэй юм.
1. “Кето диет” гэж юу вэ?
Хүний биеийн энергийн эх үүсвэр нь нүүрс-ус юм. Хүнсээрээ нүүрс-усыг авснаар цусанд глюкоз болон очиж бүхий л эд эсийн бодисын солилцоонд оролцож энергээр хангадаг. Харин “кето диет”-ын үед хүнсээр авах нүүрс-усыг маш ихээр багасгаж өгдөг. Энэ үед хүний бие махбодь нөөц механизмаа ажиллуулж биед хуримтлуулсан өөх тосоо (триглицерид) задлах замаар эд эсийг энергээр хангана. Өөх тосоо задлах үед “кетон бие” хэмээх нэгдэл үүсч энергийн эх үүсвэр болдог байна. Ийм учраас “Кетоженик диет” товчоор “Кето диет” гэж нэрийддэг. Энэ нь яг л цахилгаан тасрахад нөөц генератор ажиллаж эрчим хүчээр хангаж эхэлдэг шиг процесс юм. Тэгвэл хүний биеийн нөөц генератор ажиллах механизм хэзээ эхэлдэг вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Хоногт авах нүүрс усны хэмжээгээ 20-50 гр болгон багасгаж 2-4 хонох үед өөх тосоо задалж “кетон бие” үүсгэн нөөц энергийн эх үүсвэр ажиллаж эхэлнэ. Хүний бие дэхь өөх тос 30-40 хоногийн энергийг хангах нөөцтэй байдаг.
2. “Кето диет” аюулгүй байж чадах уу?
Нүүрс-ус багасгасан кетоженик диет эрт дээр үеэс уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн ба анхны шинжлэх ухааны өгүүллийг Францын эмч Guelpa & Marie нар 1911 онд эпилепси өвчний үед үр дүнтэй болох талаар мэдээллэжээ.
1970-2000 оны хооронд АНУ-ын Анагаах ухааны үндэсний номын санд жилд 2-8 тооны кето диет-тай холбоотой эрдэм шинжилгээний өгүүлэл бүртгэгддэг байжээ. Харин 2000 оноос хойш кетоженик диет-ын талаар маш их судлах болсон байна. Ингэснээр илүүдэл жин хасах, бодисын солилцооны эмгэг, 2-р хэлбэрийн чихрийн шижин эмгэгт үр дүнтэйгээс гадна мэдрэлийн эмгэгүүд болох Паркинсоны өвчин, Алцхеймер, Зөнөгрөл, нойрны эмгэгүүд, аутизм болоод тархины хорт хавдраас сэргийлэх болон тус эмгэгүүдийн үндсэн эмчилгээтэй хавсрах нь үр дүнтэй болох нь анагаахын шинжлэх ухаанд батлагдаад байна.
3. “Кето диет” -ын төрлүүд
- Стандарт “Кето диет” – Хоногт авах шим тэжээлийн 75% өөх тос, 20% уураг, 5% нүүрс-ус агуулахаар зохицуулсан хувилбар.
- Мөчлөгт “Кето диет” – Долоо хоногийн 5 хоногт кето диет явж 2 хоногт нүүрс-ус ихээр агуулсан хүнс хэрэглэдэг хувилбар.
- Зорилтот “Кето диет” – Өндөр ачаалалтай бэлтгэлтэй өдөр нүүрс-усны хэмжээг нэмж өгдөг хувилбар.
- Уураглаг “Кето диет” – Стандарт хувилбартай ижил хоногт авах шим тэжээлийн 5% нүүрс ус агуулна. Гэхдээ уургийн хэмжээг нэмэгдүүлж 35%, өөх тосыг 60% байхаар зохицуулсан хувилбар.
Стандарт болон Уураглаг “Кето диет” -ын төрлүүдийг анагаах ухаанд их судлагдсан байдаг. Харин Зорилтот болон Мөчлөгт хувилбаруудыг бодибилдинг, атлет төрлийн мэргэжлийн тамирчид системтэйгээр хэрэглэдэг байна.
4. “Кето диет” ба Илүүдэл жин
Кето диетийг илчлэг багасган тооцсон жин хасах хоолны дэглэмтэй харьцуулан судлахад 2.2 дахин өндөр үр дүнтэй жин бууруулдаг нь нотлогдсон. Үүнээс гадна инсулины мэдрэг чанар буурсан байдлыг 75% сэргээж өгдөг. Ингэснээр цусан дахь сахар бууруулах нөлөөтэй учир чихрийн шижин хэв шинж 2 хэлбэрийн үед эмчилгээ болж өгдөг.
Монголд хэрэгжүүлж эхлээд байгаа #KetoFit онлайн дасгалжуулалтын хөтөлбөрт оролцож байгаа гишүүд долоо хоногт биеийн жингээсээ хамаарч 3-8 кг илүүдэл өөхөө шатааж байна.
5. “Кето диет” -ба Хүнс
Хориглох хүнс
- Чихэрлэг хүнс (Жимсний жүүс, смүүти, бялуу, зайрмаг, чихэр гэх мэт)
- Үр тариа (Гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, паста, овьёос, эрдэнэ шиш)
- Шош (Энгийн шош, вандуй)
- Булцуут хүнсний ногоо (Төмс, амтат төмс, лууван)
- Эрүүл бус өөх тос (Үйлдвэрлэлийн аргаар орсон өөх тос, транс тос, майонез)
- Алкохол (Ихэнх алкохолын төрлийн ундаанууд сахар нэмэлтээр оруулсан байдаг тул таны биед кетон биз үүсэхийг саатуулдаг)
Зөвшөөрөх хүнс
- Мах (Хонь, үхрийн мах, гахайн утсан мах, тахианы мах, яргай загас, туна загас, зайдас гэх мэт)
- Өндөг (Бүх төрлийн өндөг)
- Монгол масло, цөцгий, зөөхий
- Үйлдвэрлэлийн аргаар боловсруулаагүй бүх төрлийн бяслаг
- Эрүүл тос (экстра оливын тос, авокадо тос)
- Нүүрс-усны агууламж багатай хүнсний ногоо (Ногоон навчит ургамлууд, сонгино, перц, улаан лооль)
- Амтлагч (далайн давс, перц)
6. “Кето диет” -ын үед илрэх шинжүүд
Кето диетын үед ус, эрдсын солилцоонд өөрчлөлт гардаг тул ядрах, сульдах, дотор муухайрах, толгой өвдөг зэрэг шинжүүд илэрч болдог энэ үед хоногт 3,000мг-4,000мг Натри, 1000мг Кали, 300мг Магне нэмэлтээр хэрэглэхэд дээрх шинжүүд арилдаг. Дээрхи эрдсүүдийг далайн давс ихээр агуулдаг тул хүнсэндээ далайн давс хэрэглэвэл сайн. Мөн лемонтой ус уух шаардлагатай. Учир нь кето диетын үед шээсний хүчлүүд биед ихээр үүсдэг тул лемонтой ус саармагжуулдаг байна.
Танд эрүүл энхийг хүсье!
Цахим эмч Б.Баярбямба