Монгол Улсын Засгийн Газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмж 152 гишүүнтэй байхаар тусгав. Уг хуулийн төслийн талаарх судлаачийн байр суурийг МУИС- ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор Г.Туяагэрэлээс тодрууллаа.
– Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Улсын Их Хурал нэг танхимтай байна. УИХ гишүүдийн 76 мажоритар, 76 пропорциональ аргаар сонгоно хэмээн тусгасан энэ тал дээр таны байр суурь?
– УИХ-ын гишүүдийн тоог нь нэмэх эсвэл цөөлөх асуудал нь парламентын тогтвортой байдал, парламентын институтэд тулгамдаж буй суурь асуудлыг шийдэх сайн шийдэл биш. Парламентын гишүүн бол ёс зүйг дээдэлдэг, улс төрийн хошуучлагч хүн байх байх ёстой. Парламентын гишүүдийг тоог 152 болгосон ч гэсэн парламентын гишүүний ёс зүй, төлөөллийн институцуудын өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлээгүй нөхцөлд гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь төдийлөн үр ашиггүй.
Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд тапагар арга болох хүн амын тоог куб зэрэгт хуваан гаргасан. Уг аргаар парламентын гишүүдийн тоог зохицуулах аргыг 1950 оны үед ердөө хоёр, гуравхан улс л ашиглаж байсан. Одоо үед энэхүү аргыг ашиглаж парламентын гишүүдийг нэмэгдүүлэх нь төдийлөн оновчтой биш. Парламентын гишүүдийн тоог хэд байх ёстойг маш чухал бодолцож үзэх ёстой асуудал. Парламентын гишүүдийн тоог нэмэхэд онолын үндэс , хамаарлын шинжилгээ дутмаг байгаа нь ажиглагдаж байна.
– Одоо байгаа сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар ихээхэн яригдах болсон. Сонгуулийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлага үнэхээр үүссэн үү?
– Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн тухайд сонгуулийн оновчлол хийх хэрэгтэй. Сонгуулийн системийн оновчлол бол одоо байгаа тогтолцоог өөр тогтолцоогоор солих тухай асуудал биш бөгөөд байгаа тогтолцоо нь дээрээ оновчлол хийх тухай асуудал юм. Одоо байгаа сонгуулийн тогтолцон дээр ямар хүчин зүйлүүд эергээр болон сөргөөр нөлөөлж байна вэ гэдгийг тогтоож шийдвэрлэх нь чухал. Харин тогтолцоог өөр нэг сонгуулийн тогтолцоогоор солих нь тулгамдаж буй асуудлыг шийдэх тийм ч оновчтой шийдэл биш. Мажоритар, пропорциональ, холимог аль ч сонгуулийн тогтолцоо давуу болон сул талтай. Тиймээс тогтолцоо солихоос гадна оновчлол хийх нь чухал.
Сэтгүүлч О.Бат-Ирээдүй