Монгол улсын анхны Хаан ширхэгт тохирлын гэрчилгээтэй, SFA “Алтан батламж”-тай Ханбогд Кашимер ХХК-ийн үйл ажиллагаатай МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцлаа.
Хувцас загварын ертөнцөд ноолууран бүтээгдэхүүний чанар, загвараараа хэрэглэгчдийн талархлыг хүртээд буй 25 жилийн түүхт Ханбогд Кашимер ХХК нь ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийн томоохон брэндүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн, экспортоор тэргүүлэгч компани юм.
Тус компани нь 2019 оноос ноолууран хувцас үйлдвэрлэл, загварын салбарт хүч түрэн орж Итали, Герман, Швейцар, АНУ, Канад, Япон, Солонгос зэрэг дэлхийн 20 гаруй орнуудад бүтээгдэхүүнүүдээ худалдаалж байна.
Ханбогд Кашимер ХХК нь Англи улсын Лондон хотноо төвтэй олон улсын Sustainable Fibre Alliance (SFA) байгууллагаас Монгол улсдаа анхны “АЛТАН БАТЛАМЖ”-тай үйлдвэрлэгч, “Текстилийн Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко-шошгожуулалтын Төсөл”-ийн хүрээнд MNS 6926:2021, IAF /international Accreditation Forum/-аар баталгаажсан Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээг тус тус гардан авч тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ханбогд Кашимер ХХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцаж дэлхийд Монгол ноолуурын үнэ цэнийг өсгөж, дотоодын валютын урсгалыг нэмэгдүүлэн улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ.
25 жилийн ой тохиож буй тус компани нь 400 гаруй ажилтан албан хаагчтайгаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт 7,000 мкв талбайд дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий иж бүрэн үйлдвэр, Нийслэл хотод 6 салбар дэлгүүр, Орон нутагт 4 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаль орчинд ээлтэй бизнесийн загварыг бий болгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл (ТННЭ)-ээс самнасан ноолуурын ул мөрийг мөшгөх гэрчилгээ авсан анхны компани болсон төдийгүй, ТННЭ-ийн гишүүн 4 аймаг, 5 корпорацаас 1,000 тонн ноолуурын нийлүүлэлтийг тогтмол хүлээн авч малчид, орон нутгийн иргэдийг дэмжин ажилласаар байна.
Эх сурвалж: ЕТГ