Монголын ардчилал “шинэ” гэдэг ойлголт хэдийн ард хоцорч өнгөө алдаж хуучирчээ. Өөрсдийгөө алтан хараацайнууд гэж нэрлэж цээжээ дэлдсэн “Баатар”-ууд ардчиллыг бидэнд авчрахдаа юутай ч тэмцэлцэлдээгүй бөгөөд товчхондоо “Коммунизмыг хамгаалах хэн ч үлдээгүй” байсан нь л тэдний ялалтын нууц байсныг шинэ үеийнхэн хэрсүү ухаанаараа шүүгээд тунгаачихсан гэж хэлэхэд болно. Тиймдээ ч энэ ялалт “үнэ цэнэ”-гүй. Тэр ах нар бидний крашууд лав биш. Тэгвэл шинэ үеийн залуусын хувьд хэн краш нь вэ, ТЭД ХЭНИЙГ СОНГОХ ВЭ? гэдэг тун сонирхолтой.
Updown.mn сайт гуравдугаар сараас эхлэн нийгэм, улс төр, эдийн засгийн онцлох мэдээллийг долоо хоног бүр бэлтгэн “Залуусын нүдээр- Reaction” влогийг эхлүүлээд байгаа бөгөөд контентод оролцох залуусын бүртгэлийг нийгмийн сүлжээнд нээлттэй байршуулсан юм. (Хэрвээ та сонирхвол манай youtube хуудсаар зочлоорой. Эхний 3 Episode нийтлэгдсэн байгаа шүү.)
Reaction vlog-т оролцох бүртгэл бөглөсөн 300 гаруй залуучууд руу залгаж цаг товлоход “Тэгээд энэ бичлэг хаагуур гарах вэ, Хэрвээ фейсбүүкт тавина гэвэл оролцохгүй ээ. Инстаграм, Youtube дээр бол ОК” гэдэг асуултыг хамгийн их сонссон юм. Гайхмаар энэ үйлдэл нь “Шинэ үеийн сонгогчид” гэж хэн бэ гэдэг асуултыг бидэнд төрүүлэв. Монгол улсын гурван хүн тутмын ойролцоогоор нэг нь 30 хүртэлх насны залуучууд бөгөөд ирэх сонгуулийн өнгийг тодорхойлох гол хүмүүс нь залуучууд гэхэд дэгсдэхгүй. Сонгогчийн зан үйл, хэв маягт газарзүйн, хүн ам зүйн онцлог, улс төрийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг өргөн хүрээний сэдэв бөгөөд энэ удаад мэдээллийн харилцааны хувьд ямар чиг хандлага үүсэж байгааг судалж үзлээ.
Шинэ үеийнхэн бүх зүйлд эргэлзэж, олон зүйлийг баталгаажуулдаг
Z үеийнхэн бол “Худал мэдээлэл”-ийн дунд өссөн шинэ эриний хүүхдүүд. Өнгөрсөн үед бид мэдээллийг хэрхэн олж авах вэ гэдэг тэмцэл дунд амьдарч байсан бол орчин үеийн залуус “хэрхэн хэрэггүй мэдээлэл авахгүй байх вэ” гэсэн тэмцэл дунд амьдарч байна. Тиймдээ ч авсан мэдээлэлдээ амархан итгэдэггүй, шууд хариу үйлдэл үзүүлдэггүй. Энэ мэдээллийг хэн, хаана бэлтгэж, ямар зорилгоор, хэрхэн түгээж байна вэ гэдэгт илүү их ач холбогдол өгдөг. Шинэ үеийн сонгогчдын хувьд мэдээллийн байгууллагууд гэхээсээ илүү “баримт шалгах байгууллагууд”, “баталгаатай инфлюнсер”-үүд тренд байх болно.
Улс төрчид нь ард түмнээ хар масс, цагаан цаас гэж цоллож суухад залуучууд нь “Чиний тухай худлаа ярих охид зариг.мн” гэдэг дуу аялж, ядчихсан гэдэг үгийг “улс төрчийн үзэлтээсээ давсан шэйртэй пост” шиг гэдэг өгүүлбэрээр илэрхийлж, “Sponsored” гэсэн бичигтэй токсик постеруудыг нь “мэдээллийн хүчирхийлэл үйлдэж байна” гэж дүгнэж суугааг ойлгож, мэдрэхгүй бол ирэх сонгуульд улс төрд залуус биш УЛС ТӨРЧИД нь гологдох нөхцөл байдал үүсэх магадлал өндөр байна.
Дижитал технологийн нөлөө нь оролцоог чухалчилсан хандлагыг төлөвшүүлжээ
Уламжлалт мэдээллийн хэрэгсэл сонин, телевиз, web site 2.0, радио зэрэг нь нэг талт, эргэх холбоогүй сувагтай байсан бол орчин үед мэдээлэл илгээгч, хүлээн авагч эргэх холбоотой харилцах боломжтой болсон төдийгүй мэдээллийг тоон үзүүлэлтээр үнэлж, дүгнэх боломжтой болсон. Өнгөрсөн үед зурагт үзээд зурагттайгаа хэрэлдэх нь утгагүй хэрэг байсан бол энэ цаг үед бол хэвийн бөгөөд үр дүнтэй үзэгдэл. Мэдээллийг хэн нэгэн бэлтгэж хүлээн авагчид илгээдэг байдлаас “харилцан хамааралтай контент үйлдвэрлэл”, “мэдээлэл харилцааны орон зай” үүссэн нь хүлээн авагчийн оролцоог нэмэгдүүлж, үнэ цэнтэй болгосон. Сонин дээр гарсан нэг нийтлэл хүлээн авагчид очоод тэндээ үлддэг байсан бол орчин үед фейсбүүкийн постерноос илүү түүнийг хүлээн аваад хариу үйлдэл үзүүлсэн хүмүүсийн коммент, шэйрүүд контентоосоо хүчтэй нөлөөллийг үүсгэж байна. Дижитал болон сошиал медиа тасралтгүй өсөхийн хэрээр сонгогчид улс төрийн нэр дэвшигчид болон онлайн сурталчилгааны ажилд улам бүр оролцох боломжтой болж байна. Дижитал платформууд нь сонгогчдын анхаарлыг татаж, дэмжлэг авах кампанит ажлын гол тулааны талбар болох болно. Гэхдээ мэдээлэл илгээгч- хүлээн авагчийн нэг чиглэлтэй бус харилцан үйлчлэлтэй хэв маяг руу шилжсэнийг мартаж болохгүй.
Мөн технологийн хөгжил, COVID-19 зэрэг нь сонгогчдыг тав тухтай, уян хатан, аюулгүй амьдралын хэв маягийг чухалчилдаг болгосон. Энэ нь шуудангаар санал өгөх, урьдчилан санал өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж санал өгөх, онлайнаар санал өгөх зэрэг олон хандлагыг төлөвшүүлж байна. Энэ мэтчилэн Z үеийнхний сонгууль өгөх хэв маяг болон өөрсдийн илэрхийлэмж харах өнцөг нь тэднийг “шинэ үе” гэдгийг тодотгож байна.
Сэтгүүлч, улс төр судлаач Б.Бадамцэцэг