УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал” сэдвээр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл Мэндийн дэд сайд С.Энхболд “Хүүхдийн хромосомын гажгийг ураг байх үед нь оношлох скриннинг шинжилгээг үе шаттайгаар эмнэлгүүдэд нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг эхнээсээ шийдсэн.
Тухайлбал, ЭХЭМҮТ, Өргөө амаржих газар, Хүрээ амаржих газарт үе шаттай байгуулсан.
Энэхүү шинжилгээг хийхэд хүний нөөцийн хомсдол үүссэн. Гэхдээ бид сургалтад хамруулж, боловсон хүчнээ бэлдэж байна. Эхний ээлжид төв суурин газартаа хөгжүүлсний дараа нь орон нутагт байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
2022 онд ЭХЭМҮТ-ийн Удам зүйн лабораторид 4,785 жирэмсэн эх шинжилгээ өгсөн. Үүнээс хромосомын өвчний эрсдэл өндөртэй гэж гарсан 335 эхийн ураг орчмын шингэнд нь шинжилгээ хийсэн бөгөөд хромосомын 52 өөрчлөлт оношлогдсон байна.
Төрөлхийн гажгийг ураг байх үед нь илрүүлэхэд Эрүүл Мэндийн яам бодлого гаргаж, эхнээсээ ажлууд хийгдэж байгаа.
Цаашдаа улсын төсөвт Удам зүйн лаборатори байгуулах чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг илүү тусгана. Хүний нөөц, хөрөнгө оруулалт, дэд бүтцээ шийдсэн байхад орон нутаг руу энэхүү оношилгоо өргөжнө” хэмээв.