Авто замын түгжрэлийг сааруулах хүрээнд дэлгэрэнгүй зөвлөмж гарсан талаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаар сайд, түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тухайлбал, ажлын уян хатан зохицуулалтын талаарх Хөдөлмөрийн тухай хууль дахь заалтыг хэрэгжүүлж цалин хөлсийг бууруулахгүйгээр зайнаас ажилладаг боломжоор хангах. Ажил эхлэх тарах цагт уян хатан зохицуулалт хийх. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн ажилчдын автобусаар ажилчдаа тээвэрлэх боломжийг бүрдүүлэх зэрэг дэлгэрэнгүй зөвлөмж гарсныг тэрбээр онцолж хэлэв.
Үргэлжлүүлэн “Цар тахлын үед ажиллаж байсан зохион байгуулалт бий. Мөн Хөдөлмөрийн тухай хуулиа дагаад байгууллага зохион байгуулалт хийх боломжтой. Хэдий Зөвлөмж гаргаж буй боловч бид үнэлж дүгнээд, шахаж шаардана. Байгууллагууд үр дүнгээ харуулах байх. Зарим нь эхнээсээ төр, хувийн хэвшлийнхнээс бэлтгэлээ хангаад зөв зүйл гэж ярьж байгаа.
Сайн жишээг олон нийтэд танилцуулна. Хуучин хоцрогдсон аргаа засах хэрэгтэй. Зайнаас ажилладаг хэлбэрт дэлхий даяар шилжиж байна. КОВИД-19-ийн үед нийт ажилтнуудынхаа гуравны нэгийг зайнаас ажиллуулж болдгийг харсан. Тиймээс ажилчдынхаа 10 эсвэл 25 хувийг зайнаас ажиллахаар зохион байгуулах бололцоо бий гэж харж байна” гэлээ.