Арилжааны банкнууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийн талаарх шүүхийн шийдвэр гарчээ.
Тус үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх хориглосон үйл ажиллагаа биш гэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх үзсэн байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар удирдамжийн дагуу арилжааны банкнуудад зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж улмаар нэр бүхий 9 банканд холбогдуулан
- Арилжааны банкнууд нь иргэдэд олгож буй ипотекийн хөнгөлөлттэй зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй
- Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг зүй бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй гэсэн зөрчилд зөрчлийн хэрэг нээж шалгасан байна
2022 оны наймдугаар сарын 2-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх зөрчилд 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, “орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгаж” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичжээ.
Нэр бүхий 9 арилжааны банк дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудаснууд болон зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавруудыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар арилжааны банкнуудад Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, улмаар зөрчлийн хэрэг нээж шалгасан нь хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд буюу харьяалал зөрчөөгүй, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж шүүх үзсэн байна.
Харин арилжааны банкнуудын ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж “Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шүүх хянан хэлэлцээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар “хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “Тухайн зөрчлийг тогтоогоогүй, тогтоох ажиллагаа хийгээгүй”, нөгөөтээгүүр хуулиар, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагааг “Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
Эх сурвалж: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх