Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдоод 2 жил 2 сар буюу нийт 803 өдөр өнгөрчээ. Монгол Улсын хувьд Засгийн газрын дундаж наслалт 1,9 жилтэй байж дийлэнх нь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадалгүй огцорсон бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар харьцангуй тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.
Ерөнхий сайд чадвартай байж, чанартай бодлого хэрэгжүүлэх нь улс эх орны хөгжилд чухал үүрэгтэй. Учир нь Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт нь иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг.
Ерөнхий сайдын хийх ажлын хүрээ нь улс орон бүрийн хууль, эрх зүйн орчин, баримтлах бодлогоос хамаарч ялгаатай байж болох ч гүйцэтгэх засаглалыг удирдах, улс орноо төлөөлөх, үндэсний хэмжээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, олон нийттэй харилцах, хямралыг удирдах, ардчиллыг хөгжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох, Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх зэрэг нийтлэг үүргүүдийг хүлээдэг.
Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалыг хэрхэн удирдаж байна вэ?
Ерөнхий сайд нь засаглалын үр ашигтай, үр дүнтэй байдлыг хангахын тулд төрөл бүрийн яам, агентлагийн гүйцэтгэх засаглалын удирдлага, удирдлагад хяналт тавьдаг.
Одоогийн Засгийн газар нь Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай үйл ажиллагаа явуулж байна.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ямар бүтцийн өөрчлөлт хийж, хэдэн яам байгуулж, татан буулгаж, хэнийг халж, сольж, яаж томилсон бэ гэдгийг тодруулбал толгой эргэж, дотор муухайрмаар дүр зураг үүсээд байгаа гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Х.Булгантуяаг, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, сайдаар Б.Тулгыг томилсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэ засгийн үед А.Ариунзаяа, Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан, Х.Булгантуяа гэсэн 4 сайдын нүүрийг үзлээ.
- 2021.01 – 2022.08 А.Ариунзаяа
- 2022.08 – 2022. 09 Д.Сарангэрэл
- 2022.10 – 2022.03 Т.Аюурсайхан
- 2022.04 – хойш Х.Булгантуяа
Энэ нөхцөл байдал нь Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг мэргэжлийн бус, тогтворгүй, ур чадваргүй, засаглалын хувьд сул байгааг илэрхийлж байна.
Сайдын албан тушаалыг ойр ойрхон солих нь бодлого, хөтөлбөрийн залгамж, чанарыг алдагдуулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд саад учруулж, засаглалын тодорхой бус байдал, уялдаа холбоог алдагдуулахад хүргэдэг. Мөн Засаглалын тогтвортой байдал нь төрийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулах, улс төрийн тогтолцоонд олон нийтийн итгэл, итгэлийг бий болгоход чухал үүрэгтэй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үндсэн чиг үүргийн нэг нь хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалалтай холбоотой бодлого, хөтөлбөрүүдэд хяналт тавих, хэрэгжүүлэх явдал. Гэтэл нэг жил 3 сайд сольсон. Энэ яамнаас ямар үр дүн хүлээх вэ?
Гэтэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) ердөө 4000 гаруй ам.доллар Монгол Улсын хувьд бүс нутгийнхаа хамгийн ядуу улсуудын нэгээр цоллогдоод байгаа. Монгол Улс залуучуудын орон гэж нэрлэгддэг ч хөдөлмөрийн насны залуусын цагаачлах түвшин хурдацтай нэмэгдсээр байгаа юм. Хөдөлмөрийн насны хүн амын дунд “Монголоос дүрвэх” явдал нэмэгдэж байгаа нь эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн бүтцэд урт хугацаандаа хүндрэл учруулах эрсдэлтэй нөхцөл байдалд байна.
Л.Оюун-Эрдэнэ үнэхээр л эх орноо боддог хувь хүн, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байгаа албан тушаалтан мөн юм бол сайд нарын томилгоондоо улс төржилт, мэргэжлийн ур чадвар хоёрыг тэнцвэртэй түвшинд хангах хэрэгтэй. Бодит байдлаас тасарсан Ерөнхий сайд олон нийт кабинетийг нь ямар “нүд”-ээр харж байгааг олж харахгүй байгаа бололтой.
Тухайлбал, “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах сайд”-ын албан тушаал гаргаж ирсэн нь олон нийтийн шүүмжлэлийг нэлээд дагуулсан. Сайдаар томилогдсон УИХ гишүүн Ж.Сүхбаатар “замын түгжрэл бууруулах олон туршилт хийнэ” гэж мэдэгдэж “туршилтын туулай” болгохоор төлөвлөж, автобусны зогсоол дээр хөргөө татуулж “шоглуулж”, “эмийн сангаас болж түгжрэл их байгаа” гэсэн нээлт хийж, “Аймгийн засаг дарга нарт хүн амаа өсгөх чиглэл өгч” нэг алмайруулж, эвээ олохгүй бүдэчсээр эцэст нь “Бадамжунай мэтийн нөхдөөс болж ийм нөхцөл байдал үүсэн” гэдэг үгээр ам таглав. Үүсээд байгаа нөхцөл байдлыг хэн хүнгүй мэдэж байгаа бөгөөд буруутаныг ол гэж биш “бууруул” гэж албан тушаалд томилж, төсвийн мөнгөөр санхүүжүүлж байгааг хэзээ ойлгохыг хэлж мэдэхгүй юм.
Харин Засгийн газрын гишүүн Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан нь Улс төрийн барометрийн судалгаагаар “Үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрч” жагсаалтад ороод удаж буй нэгэн. Хотын даргаар ажиллаж байхдаа бодит, үр дүнтэй ажил хийгээгүй. Тэр байтугай туулын бургас хядсан, 3 тэрбумаар ажилддаггүй усан оргилуур барьж, 350 сая төгрөгөөр юунд ч хэрэггүй дөрвөлжин чулуунууд байрлуулж, дүүжин тээврийн 22 тэрбумын төсөл санаачилсан зэрэг нь түмний амьдралд хэрэггүй дээрээс нь төсвийн мөнгийг зарлагдсан явдал байв. Шадар сайдаар томилогдож ажиллаж байх үед халдвар хамгааллын дэглэмээс болж жирийн иргэн 22-ын товчоо дээр ирээд хот руу орж чадалгүйлгүй нас барж байх үед түүний эхнэр дэглэмийг зөрчин халдварын голомтод аавыгаа сахихаар нэвтэрсэн, төрсөн хүү нь Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг авсан зэрэг нь ч олон нийтийн дургүйцлийг хүргэсэн.
Сүүлийн үед ч авлига, албан тушаалын олон хэрэг нь хэвлэлээр хөндөгдөж, иргэдийн анхаарлыг татаад байгаа. Тухайлбал, Цахиур.мн сайтаас С.Амарсайхан хотын дарга байхдаа төрсөн ахынхаа “Собт трейд” ХХК-д “Ундны усны хориглолтын бүс” дэх газар олгосон баримтыг дэлгэсэн бол, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан нарын сонгуульд ажиллаж, менежер хийж байсан Санхүүгийн зохицуулах хорооны газрын дарга Д.Энхбаатарын хүүгийн “Чоногол трейд” ХХК гурван сарын хугацаанд 150 тэрбум төгрөгийн тендер авсан баримтыг Эргэлт.мн дэлгэсэн.
Хүрээний бузрыг уудалбал далай далай гэдэг шиг Засгийн сайд нарыг мэргэжлийн ур чадвар, бодит үйл хэрэг, холбогдсон асуудлаар нь жагсаавал энэ нийтлэл дуусахааргүй болно.
Хамгийн гол нь өнөөгийн нөхцөлд сайд нарыг томилох, чөлөөлөхөд улс төрийн хүчин зүйл нөлөөлж болох ч төрийн чухал үйл ажиллагааг чадварлаг хүмүүст хүлээлгэж өгөхийн тулд гавьяа зүтгэл, мэргэшил, туршлага дээр үндэслэн шийдвэр гаргах зайлшгүй шаардлага байна. Энэ нь ялангуяа хөдөлмөр, нийгмийн хамгаалал яам зэрэг хүн амын сайн сайхан амьдрал хөндөгддөг чухал салбаруудад онцгой хамааралтай.
Улс төржилтийг багасгаж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхгүй бол Монгол Улсын Засгийн газар улс орноо тогтвортой хөгжүүлж, сайхан нийгмийн бүтээнэ гэдэг дашийн шог болох биз ээ.
Сэтгүүлч, улс төр судлаач Б.Бадамцэцэг