Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан болон тус комиссын гишүүд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг.
Энэ удаагийн илтгэлийг Хүний эрхийн Үндэсний комиссоос 2022 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт үнэлгээ шинжилгээ, Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн боловсруулсан байна.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд:
- Халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд баривчлах, цагдан хорих ажиллагаатай холбоотой асуудал,
- Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалтын хүрээнд үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх, тайван хуран чуулах эрх чөлөөний хэрэгжилт,
- Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудлын хүрээнд төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн төлөв, байдал,
- Хүүхдийн эрхийн зарим асуудлын хүрээнд дотуур байран дахь хүүхдийн эрх хамгаалал, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих эрхийн хэрэгжилт, мөн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос гэмт хэргийн холбогдогч, гэрч, хохирогч хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал,
- Ахмад настны эрхийн хэрэгжилтийн асуудлын хүрээнд нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хөгжих эрхийн хэрэгжилт,
- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг үндэсний эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, хүний эрх хамгаалагчдын эрхийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээний талаарх санал,
- Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд улс төрийн хүрээн дэх жендерийн ялгаварлан гадуурхалт, эмэгтэйчүүдийн оролцоо болон төрийн улс төрийн албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, байр суурь, нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний талаарх санал зэрэг долоон бүлэг сэдвийн хүрээнд 43 саналыг боловсруулсан байна.
Мөн энэ удаагийн илтгэлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шинэ гишүүд томилогдсоноос хойших өнгөрсөн хоёр жилийн хугацааны хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор гишүүдийн гаргасан зөвлөмж, шаардлагын биелэлтийг оруулснаараа онцлогтой гэдгийг тус комиссын дарга Ж.Хунан танилцуулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний үндсэн 18 эрхийг тов тодорхой зааж өгсөн. Эдгээр эрхийн хэрэгжилтийг сайтар судалж, түүнийг хангахын төлөө холбогдох хуулийн зөрчил, хийдлийг арилгах чиглэлд Комиссын гишүүд санал, зөвлөмж боловсруулан ажиллах хэрэгтэйг онцлон тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.