Дорнод аймагт зээр олноороо үхсэн шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа юм. Тиймээс тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Бямбажаваас дараах тодруулгыг хийлээ.
Сэтгүүлч: -Зээр олноороо үхсэн нь газрын тос ууснаас болсон байж болзошгүй гэдэг зүйл яригдах. Шинжилгээний хариу хэзээ гарах вэ. Өмнө нь зээр олноороо хорогдож байсан уу?
Дорнод аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Бямбажав:
-Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Хэзээ гарах талаар тов хэлэх боломжгүй. Бид тухайн газарт ажиллаж байгаад өчигдөр ирсэн. Гуравдугаар сарын 27-ны өдөр дээж авч, Улсын мал эмнэлгийн төв лабораторид бүрэн шинжилгээнд хамруулахаар илгээсэн. Тухайн хариу гадны нөлөөтэй эсэхийг тогтооно.
Зээр бол их соргог, мэдрэмтгий амьтан. Газрын тос ууснаас зээр олноороо хордсон гэх мэдээллийг иргэд тарааж байгаа нь ташаа ойлголт. Хордсон байж болзошгүй гэж үзэж байгаа нь үнэн.
Учир нь тухайн бүсэд газрын тос олборлох үйл ажиллагаа явагдаж байгаа. Гэхдээ үүнийг шинжилгээний хариунаас л харах боломжтой.
Өмнө нь 2017 оны долдугаар сард хэт халалтын улмаас Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутагт тодорхой тооны зээр хорогдож байсан. Тухайн үед шалтгаан нь хэт халалтын улмаас харангадаж олон тооны зээр үхсэн гэх дүгнэлт гарсан. Түүний дараагаар холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байлаа.
Үүнээс гадна 2021 оны нэгдүгээр сард цочир хүйтэрч, хасах 40 градус хүрснээс олон тооны зээр нэг дор хорогдож байсан. Мөн тухайн жилийн намар олон хоног үргэлжилсэн борооны улмаас хорогдлууд үүсэж байсан. Түүнээс хортой элементэд хордож олон тоогоор эндсэн асуудал гарч байгаагүй.
Сэтгүүлч: -Тэгвэл төмөр зам, томоохон бүтээн байгуулалтаас шалтгаалж зээр олноор хорогддог гэх мэдээлэл байдаг. Энэ үнэн үү?
Дорнод аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Бямбажав:
-Тийм. Гэхдээ энэ асуудал манай аймагт биш Дорноговь аймагт үүсдэг. Дорнод аймагт төмөр замын торонд өртөж зээр хорогдсон асуудал байхгүй.
Сэтгүүлч: –Орон нутагт зэрлэг амьтад санаатай болон санамсаргүй байдлаас болж эндэхэд юу нөлөөлж байна вэ?
Дорнод аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Бямбажав:
-Олон шалтгаан бий. Дэд бүтцийн хөгжил, амьдрах орчны хуваагдал, ган, зуд, хууль бус ан, бэлчээрийн тархалт, малын тоо өсөх зэрэг дурдаад байвал олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Тухай бүрд нь байгаль хамгаалагчид болон БОАЖГ-ын мэргэжилтнүүд ажиллаж, яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Тухайлбал, бэлчээр нутгийг чөлөөлөх, тусгай хамгаалалттай газар нутгийг чөлөөлөх, хууль бус ан агнууртай тэмцэх арга хэмжээ авч байна.
Мөн тодорхой байршлуудад нүхэн гарцыг шийдэх, цагаан зээрийн коридор байгуулах ажлуудыг ч шат дараатай хэрэгжүүлээд явж байгаа.
Орон нутгийн тухайд байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүдээс гадна иргэд идэвхтэй оролцдог. Малчин айл өрхүүд нэгдэж цагаан зээр, байгаль орчноо хамгаалах нөхөрлөл үүсгэхээс эхлээд иргэдийн идэвх өндөр байдаг нь ажиллахад урамтай байдаг.
Сэтгүүлч: –Цагаан зээрийн коридор байгуулах нь улирлын чанартай ажил уу?
Дорнод аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Бямбажав:
-Зээр бол нүүдлийн амьтан. Төллөдөг 2-3 тодорхой газар бий. Яг тухайн үед нь тэр хэсгийн газрыг чөлөөлөх, төллөөд янзага нь бойжиж байх хугацаандаа нүүхэд нь мөн зорчих талбайг нь цэвэрлэж өгдөг гэсэн үг.
Ерөнхийдөө бол хаваржих, намаржих, өвөлжих нь цагаан зээрийн хувьд цагийн зүүний эргэлтээр явдаг.
Тиймээс тэрхүү нүүдэллэх газрыг цагаан зээрийн коридор нутаг гэж нэрлэдэг.