УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хурал найман цаг орчим хаалттайгаар хуралдлаа. Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн “нүүрсний хулгай” гэх тодотголтой хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх саналыг хэлэлцэж дуусжээ.
Халдашгүй байдлын дэд хорооны дарга УИХ гишүүн Ц.Мөнх-Оргил “УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП-ын саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Гурван гишүүн гэм буруутай гэсэн үг биш. Хууль хяналтын байгууллагыг ажлаа хийх боломжоор хангаж байгаа юм. Гэм буруугүй гэж тогтоогдвол боломжит түргэн хугацаанд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг сэргээх саналыг оруулж ирэх саналыг УЕП-т хүргүүлж байна. Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, нууцаар санал хураалт явуулна. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэдгийг хэллээ.