Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Анхбаярыг Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Прокурорын саналыг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүх хянан хэлэлцээд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд яллагдагч Б.Анхбаярт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан үндэслэл тогтоогдож байх тул хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сараар сунгаж шийдвэрлэжээ.
Процессын тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл