УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ сарын 27-ны өдөр буюу өнөөдөр хуралдаж, мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Хаврын чуулганаар хэлэлцэх гол гол хуулиудын талаар хэлэлцлээ. Ингээд Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдлээ. Мөн УИХ-аар зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал орж ирж байна. Энэ асуудалтай холбоотой бүлгийн гишүүд санал солилцож, байр сууриа нэгтгэлээ.
Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хэрэгжих боломжтой болох зүйл заалтууд бий. Тиймээс энэ асуудалд нэлээд нухацтай хандахаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь, Ц.Туваан нар оролцсон ажлын хэсгийг намын дотоод зохион байгуулалт, намын Үндэсний бодлогын хорооны гишүүд болоод, Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийн жаргал зовлонг мэдэх хүмүүсийн саналыг нэгтгэхээр байгууллаа.
Өнгөрсөн долоо хоногт 2022 оны Засгийн газрын үйл ажиллагааны үнэлгээ 2020 оны хагасаас 2023 оны эхэн хүртэл Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх тайланг танилцуулсан. Энэ тайлангийн дүнгээс харахад 2020 оны долдугаар сард Засгийн газар байгуулагдсан гэж тооцвол өнгөрсөн хугацаанд Засгийн газрын өөрийнх нь үнэлгээ, УИХ-ын Хяналт шалгалтын газрын үнэлгээ, Монгол Улсын Үндэсний аудитын газрын үнэлгээгээр Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр 30-40 хувьтай биелсэн байна хэмээн дүгнэсэн.
Үүний цаана хэчнээн олон ажил эзэнгүйдэж, төлөвлөсөн ажил гүйцээгүй дүр зураг харагдаж байна. Үүнд тал талдаа дүгнэлт хийж, хариуцлага тооцох асуудлыг сөхөж тавихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байна.
Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирсэн. Манай бүлгийн гишүүний нэр ч тус нэрс дотор байгаа учраас бид нухацтай ярилцлаа. Хамгийн гол нь Монгол Улсад шударга ёс тогтоох, хууль хэрэгжүүлэх нь Монголын төр засаг, олон нийтийн дэмжлэгтэй явах учиртай.
УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх гишүүдийн нэрс дотор Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр орж ирсэн. Бүлгийн гишүүдийн дийлэнхийнх нь байр суурь бол жижиг “Тавантолгой” буюу 51 хувь нь орон нутгийн өмчид байдаг, 49 хувь нь олон нийтийн өмчид байдаг, хөрөнгийн бирж дээр 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй компанийн нэгээхэн хэсгийн хувьцааг эзэмшдэг гэдэг шалтгаанаар түүний нэрийг оруулж ирсэн.
Монголын төрөөс баримталж байгаа бүхий л үйл ажиллагаанд төрийн өмчит компаниудыг олон нийтийн өмчит болгоё, ядаж 31 хувийг нь олон нийтийн хувьцаат компани болгох бодлогыг өнгөрсөн хугацаанд баримталж ирсэн. Энэ бодлогыг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн, шилдэг жишээ болчихсон, хувьцаагаа олон нийтэд ил болгосон, ногдол ашгаа өгдөг, орон нутгийн иргэдийн хурал нь асуудлаа хэлэлцэж шийддэг, дотоод ардчилал тогтсон компанийн жирийн нэг хувьцаа эзэмшигч яагаад УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх нэрсийн жагсаалтад орж ирж байна вэ. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй хамт нэр нь орж ирсэн гишүүд өнгөрсөн хугацаанд ямар бизнес эрхэлж байсан юм бэ.
Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд 1990 оноос хойш бизнес эрхэлж байсан хүн. Тиймээс хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа компанийн хувьцааг эзэмшдэг хүний нэрийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхээр оруулж ирсэн асуудлыг гайхаж, харамсаж байна. Шударга ёс тогтоох нэрийн дор олон асуудлыг хавчуулж сөрөг хүчнээ бусармаг үйл ажиллагаатайгаа холбох, хэлмэгдүүлэх гэж байгаа үйл ажиллагаа байгаа юм биш биз гэж хардаж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Монгол Улсын ажилгүйдэл ядуурал, бүтэлгүйтлийн хамгийн гол шалтгаан бол төрийн өмчид нүүрлэсэн хулгай, дээрэм. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын хулгай гэх мэт олон хулгайн асуудал төрийн өмчит компани дээр цүнх баригчдаа тавьснаас үүдэлтэй. Тийм учраас 40 их наяд төгрөгийн хулгайн асуудлыг ярьж гарч ирсэн Засгийн газар энэ асуудлаа өнөөдөр шийдэж чадахгүй бие биедээ барьцаалагдсан. Тэд энэ асуудалдаа сөрөг хүчний нэг гишүүнийг барьцаалах замаар олон нийтэд Ардчилсан нам ч энэ хулгайд хамааралтай гэх байдлаар асуудалд хандаж байгаад харамсаж байна.
Тийм учраас бид бүхэн цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг сөрөг хүчнийхээ гишүүнийг өгч явуулахгүй байх тал дээр манай бүлэг бүрэн дүүрэн, 100 хувь санал нэгдэнэ гэдгээ илэрхийлье. Цаашид бүх асуудал дээр Ардчилсан намын бүлэг нэгдмэл байр суурьтай байж, өнгөрсөн хугацаанд эрх баригчдын ард иргэдийн амьдралыг сайн сайхан болгохын төлөө нэг ч ажил хийгээгүй гэдгийг олон нийтэд хүргэхийн төлөө, наанаа шударга ёс гэж хий хоосон орилоод цаанаа хулгай хийгээд суудаг Засгийн газрын асуудал дээр нэгдмэл байр суурьтай байх болно.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Ардчилсан намын үзэл баримтлал төр баян гэхээс илүү иргэн баян байх, аж ахуйн нэгжүүд нь ашигтай сайн ажиллах, аж ахуйн нэгжүүдийн ТУЗ нь компаниа ашигтай ажиллуулаасай гэдэг дээр тогтож байдаг. Өнөөдөр алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниуддаа хариуцлага тооцохгүй байж, эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай ажиллаж байгаа компаниа яагаад татан унагаах гээд байна вэ. Энэ нь Монгол Улсын эдийн засагт асар сөрөг нөлөө үзүүлнэ. Хувьцаа эзэмшигчдийн хувьд сөрөг дохио, нөлөө болно гэж үзэж байгаа учраас энэ асуудлыг эрс буруутгаж байна.
Би Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байгаа. Гэтэл өнөөдөр Б.Бат-Эрдэнэ гишүүнийг хоёрхон удаа дуудаж мэдүүлэг авсан байдаг. Тиймээс энэ асуудлыг нарийн судлаад үзэхээр эхлээд нэг хэрэг тохоод түүнээс цааш хэргүүдийн тоог нэмэх замаар хонгил үүсгэж байна. Тийм учраас үүнийг бид эсэргүүцэж байна. Шударгаар шалгуулах асуудлыг дэмжиж байна. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бүх асуудалд нээлттэй хандаж, шалгуулахад бэлэн. Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн саад тотгор учруулахгүй” гэдгээ илэрхийлсэн учраас бид ийм саналтай байна.
Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Зохион байгуулалттайгаар харлуулах ажиллагаа явагдаж байгааг та бүхэн анзаарсан байх. Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ бүрэн эрхээ авч үлдэхийн тулд гишүүдэд тэрбум тэрбум төгрөг тарааж байна гэх мэт үндэслэлгүй, утгагүй мэдээлэл тараасан. Энэ бол олон нийтийн санаа бодолд нөлөөлөх гэсэн, зохион байгуулалттай сэжиг бүхий зүйл ажиглагдсан.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүний хувьд Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт бий. Үндсэн хуулиа сахих, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмлэг байгуулах асуудал дээр юу юунаас илүү эрх ашгийг дээдэлнэ. Ардчилсан намын манлайлагч С.Зориг агсан “Бид гурван эрх ашгийг дараалж тавьж чаддаг байх ёстой. Тухайлбал, нэгдүгээрт, Улс эх орны эрх ашиг, хоёрдугаарт, ардчилал, намын эрх ашиг, гуравдугаарт, хувийн эрх ашгийг тавих ёстой” гэж хэлсэн нь өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй болжээ. Тиймээс хуулийг дээдлэх, авлигатай тэмцэх, ард түмний талд байх асуудал дээр Ардчилсан нам, намын бүлэг нэг байр суурьтай байгаа.
Хууль хяналтын байгууллагыг ажиллуулж, шүүхийг хараат бус шударгаар ажиллах боломжийг олгосноор авлига буурдаг. Ардчилсан нам 2012-2016 онд 28 гишүүнтэй ажиллаж байсан. Тэр үед Монгол Улсын эдийн засаг хүнд байсан. Бид хэд хэдэн шийдвэр гаргаж, хууль баталж байсан. Тэр хүнд үеэс Монгол Улсыг авч гарч чадсан. Өнөөдөр гэтэл эдийн засгийн таатай нөхцөлд хэдхэн авлигачид нь баяжсанаас биш Монголын ард түмэн хүнд байна. Гэтэл сөрөг хүчнээ намнах, парламент дахь ёсыг байхгүй болгохын төлөө УИХ руу дайрч байна. “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг асуудлыг оруулж ирж байна. Ер нь МАН өөрсдийнхөө авлигачидтайгаа л тэмцэх ёстой. МАН гэдэг Монголын Авлигачдын Нам болж хувирсан. Нийгмийн уруудан доройтож байгаагийн гол буруутан нь МАН. Энэ гэмээ хэнтэй ч хуваалцах ёсгүй. Хариуцлагаа хүлээх ёстой.