УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Бүлгээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ. УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Парламентад суудалтай гурван намын төлөөлөл буюу МАН, АН, ХҮН-аас төлөөлөл орж, хуулийн төсөл дээр ажиллаж байна. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу ирэх зургадугаар сарын 20-оос өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай учраас энэ долоо хоногийн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаас санал аваад УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэд, хэдэн өөрчлөлт бий.
Үүнээс таван өөрчлөлтийг хэлье.
- Сонгуулийн тогтолцоог холимог болгож УИХ-ын 76 гишүүний 38 нь тойргоос, 38 нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдоно.
- Сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой заалт оруулсан. Нэр дэвшигчийн зурагт самибар, шадар туслахуудын тоог багасгасан. Хямд зардалтай сонгууль хийхэд чиглэж байна.
- Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авахтай холбоотой заалт оруулсан.
- Нэгэнтээ пропорцианаль тогтолцоо орж ирж байгаа учраас улс төрийн намд 3 хувийн босго тавина. 5 хувиас 3 хувь болгон босгыг бууруулж байна.
- УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хүйс 70/30 хувиас доошгүй хувьтай байна гэдэг босго тавьсан.