Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах, Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа нар өнөөдөр АШУҮИС-ийн харьяа Сувилахуйн сургуулийн төгсөх ангийн оюутнуудтай уулзалт хийлээ.
Тус уулзалтаар байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөц болон тусламж үйлчилгээний чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж, сувилагчийн мэргэжил эзэмшиж буй оюутан залуустай чөлөөт ярилцлага хийсэн юм.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах эрүүл мэндийн салбарын чухал эд эс нь сувилахуйн тусламж үйлчилгээ гэдгийг онцолж “Сувилагч мэргэжлийг эзэмшсэн боловсон хүчнүүд маань ажлаасаа гарах, огт өөр чиглэлээр ажиллах, суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй байх зэрэг асуудлаас үүдэн салбарын хэмжээнд сувилагчийн хомсдолд орж эхэлсэн нь нууц биш.
Тиймээс сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, ажиллах болон сурч хөгжих бүхий л боломжоор хангах, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд анхаарах нь маш чухал. Эрүүл мэндийн салбар төдийгүй хүн амын эрүүл мэндэд чухал ач холбогдолтой энэ мэргэжлээр сурч боловсорч, мэргэжил эзэмшиж буй та нараараа маш их бахархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж, байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.
Мөн сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр суралцаж буй оюутан залууст дэмжлэг үзүүлэх, сурахын хажуугаар ажиллах боломж нөхцлөөр хангах, ажлын байрны дадлага сургалт хийх асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлсэн бөгөөд цаашид тус төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хамтдаа зүтгэхийг хүсч гарын бэлэг гардуулж өглөө.
Тус уулзалтанд ГССҮТ-ийн Сувилахуйн мэргэжлийн алба, Хүний нөөцийн алба хамтран оролцсон байна.
ЭМЯ