Эрүүл мэндийн сайдын санаачлагаар зохион байгуулж буй “Эмчээ сонсъё” аяны хүрээнд эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй санал солилцож, нийгэмд болон салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх гарцыг мэргэжилтнүүдтэйгээ хамтран тодорхойлох зорилготой цуврал уулзалтуудыг хийж байгаа юм.
Өнөөдөр болсон уулзалтад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл оролцов.
Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийг үр дүнтэй бүрдүүлэх нь салбарын чухал асуудал гэдгийг онцлоод эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар товч мэдээлэл өглөө.
Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 30.8 хувь нь хөдөө орон нутагт, 69.2 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаагийн 6.3 хувь нь ортой, 38.9 хувь оргүй клиник эмнэлэг бөгөөд эдгээрт 19.5 мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд тулгарч буй асуудлуудын талаар уулзалтад оролцогчид олон санал хэлж, салбарын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэлийг ч өрнүүлсэн нь голдуу ЭМД-ын гүйцэтгэлийн санхүүжилт, даатгалын сонгон шалгаруулалттай холбоотой байлаа.
-ЭМД-тай гэрээ хийх боломжтой эмнэлгүүд сонгон шалгаруулалтад орж чадаагүй нь бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй байж эхлүүлснээс үүдэлтэй бөгөөд программын алдаанаас болсныг засч залруулахгүй байна.
-Клиникийн ортой эмнэлгийн стандарт байхгүйгээс нэгдсэн эмнэлгийн стандартыг баримталсан шалгуур хийсэн нь клиникийн ортой эмнэлгүүдийн хувьд ахадсан шалгуур болсон.
-Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна.
-ЭМДҮЗ-ийн 01 тоот тогтоолын өртгийн жинг бодитоор тогтоох, суурь тарифыг өсгөх, 12 тоот тогтоолд зааснаар их олонлогийн зарчмаар хасалт хийж байгааг зогсоох.
-Сонгон шалгаруулалтын шалгуур нь насанд хүрэгч, хүүхдийн эмнэл зүйн онцлогийг ялгаж гаргаагүйгээс болоод тусламж үйлчилгээг бүрэн үзүүлж чадахгүй болсон. Шалгуур үзүүлэлт нь стандарт, удирдамжтайгаа зохицохгүй, хувь, хувьсгалаар нь ялгавартай байгааг өөрчлөх.
-ЭМД-тай холбоотой асуудлаар хүссэн цагтаа мэдээлэл авч чадахгүй байна.
-Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт өмчийн хэлбэрээр ялгаварлахгүй ижил болсон сайн талтай ч нэг гараанаас ижил түвшинд гараагүй нь хүндрэл үүсгэж байна.
-Эрүүл мэндийн тухай хууль, ЭМД-ын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа эрүүл мэндийн салбарын ачаанаас үүрэлцэж, шинэ технологи, инновацийг соргогоор мэдэрч хэрэгжүүлж байгаа төрөлжсөн мэргэжлийн, нэгдсэн, клиникийн гэсэн статус бүхий хувийн хэвшлийн эмнэдгүүдийг ч орхигдуулахгүй байхад анхаараарай.
Уулзалтад оролцогчдоос гарсан санал нэг бүрт хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдгээ Эрүүл мэндийн сайд илэрхийлсэн бөгөөд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхныг салбарын шинэчлэл, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход санаачлагатай оролцохыг уриалсан.
ЭМЯ