Байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгажээ. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжид дурдсанчлан төрийн болон Засгийн газрын тэргүүнүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, шүүх болон цэргийн албан тушаалтнууд, төрийн өмчит корпорацуудын удирдах албан тушаалтнууд, улс төрийн намын удирдах албан тушаалтнууд зэрэг төрийн томоохон чиг үүргийг хэрэгжүүлдэг, эсвэл итгэмжлэгдсэн хүмүүсийг хамруулдаг. Тус зөвлөмжийн 12 дугаарт улс орнуудыг улс төрд нөлөө бүхий этгээдэд дээрхийг тодорхойлж, хамруулахыг шаарддаг. Үүнд нийцүүлэх зорилгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах субьектэд Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, түүнчлэн Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадгаас гадна танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн орлогч нарыг нэмж тусгах нь зүйтэй хэмээн үзэж, хуулийн төсөлд тусгажээ. Мөн эдгээр албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг нээлттэй тендер шалгаруулалт оролцох боломжтой байсныг өөрчлөн бүх хэлбэрийн төрийн тендер шалгаруулалтад оролцохгүй байх өөрчлөлтийг тусгасан байна.
УИХ