Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дурдаад, 2022 оны явцын дундаж үнэлгээ 74.2 хувьтай гарсан хэмээн танилцууллаа. Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 9 бүлгийн хүрээнд 150 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс 2022 оны явцын дундаж үнэлгээ 45.7 хувьтай байна гэлээ.
Сайдын танилцуулснаар Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь 6 бодлого, 259 зорилтын хүрээнд 1087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2022 оны байдлаар 69.8 хувийн /өссөн дүнгээр 39.3 хувь/ хэрэгжилттэй гарчээ.
УИХ