МОСКВА. /Reuters/. ОХУ Украины дайнд оролцож буй бүх талтай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа боловч Киев болон түүний барууны дэмжигч талууд хэлэлцээ өрнүүлэхээс татгалзаж байна гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт шууд дамжуулсан ярилцлагын үеэр мэдэгджээ.
Орос хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтолсон нь Европт Дэлхийн II дайнаас хойших хамгийн их цус урсгасан мөргөлдөөнийг, мөн Москва, Барууны орнуудын хооронд 1962 оны Карибын хямралаас хойших хамгийн том сөргөлдөөнийг үүсгээд байна.
Одоогоор дайн мөд дуусах шинж алга байна. Кремль тавьсан бүх зорилгодоо хүртлээ тулалдана гэж мэдэгдэж байгаа бол Украины эрх баригчид “Крымийг оролцуулаад оросуудад эзлэгдсэн бүх нутаг дэвсгэрээсээ Оросын бүх цэргийг хөөн гаргах хүртэл тэмцлээ зогсоохгүй” гэсэн байр суурьтай байгаа юм.
“Бид хүлээн зөвшөөрөхүйц шийдлүүдийн талаар холбогдох бүх талтай хэлэлцээ хийхэд бэлэн байна, гэхдээ энэ нь тэднээс хамаарна, хэлэлцээ хийхээс татгалзаж байгаа хүмүүс нь бид биш тэд” гэж В.Путин “Россия 1” төрийн мэдлийн телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс энэ сард хийсэн мэдэгдэлдээ, “Зөрчил мөргөлдөөнүүд яриа хэлэлцээ хийсний дүнд зогсдог ч Орос одоохондоо хэлэлцээ хийх асуудалд төдийлөн нухацтай хандахгүй байгааг Тагнуулын төв газрын үнэлгээ харуулж байна” гэсэн байна. Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зөвлөх Михаил Подоляк, “В.Путин бодит байдалдаа эргэн орж, яриа хэлэлцээ өрнүүлэхийг хүсэхгүй байгаа тал нь Орос гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж мэдэгдээд байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: ” Монцамэ” агентлаг