Туршилтаар
Нэхэмжлэгч Г.Ариунаа нь хариуцагч “Голомт банк” ХХК-д холбогдуулан хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Үүнээс анхан шатны шүүх зээлийн гэрээний 2.1.6-д заасан “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгана” гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу суутган авсан 559,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Дээд шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахдаа дараах эрх зүйн дүгнэлтийг хийв. Үүнд:
“Зээлийн бодит өртөг” гэж зээлдэгчээр төлүүлж буй хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардлыг багтаасан дүнг жилийн хувиар илэрхийлснийг хэлдэг байна. Зээлийн хүү нь зээлийн үнэ буюу мөнгөн хөрөнгийг ашиглуулсны төлөө тогтоосон хариу төлбөр тул зээлийн хүүд зарим үйл ажиллагааны зардал болох шимтгэл, хураамж багтдаггүй. Ийм ч учраас зээлийн бодит өртгийг тодорхойлоход зээлийн хүүгээс гадна шимтгэл, хураамж, бусад зардлыг тооцдог байна.
Зээлийн шимтгэлийн хэмжээ нь банкнаас тогтоосон, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлэгдэх бөгөөд зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болдог тул хуульд заагаагүй ч эдийн засгийн утгаараа зээлийн гэрээний харилцаан дахь зардлын нэг хэсэг гэж үзнэ. Иймд зээлийн шимтгэл тогтоохыг хуулиар хориглоогүй учраас талууд шимтгэл тохирсныг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй, “гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн” нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж дүгнэжээ. Түүнчлэн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага нь гэрээний маргаан тул Иргэний хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. Харин шимтгэлийн хэмжээг бодитой тогтоогоогүй бол илүү авсан шимтгэлийг буцаан гаргуулах эрх нь үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн үр дагавар болно гэж тус тус үзсэн.
Зээлийн шимтгэлийг тогтооход зээлийн бүтээгдэхүүний төрөл, онцлогоос шалтгаалж, тодорхой шалгуур үзүүлэлтийг баримталсан, бодит зардалд нийцсэн, Монголбанкнаас баталсан журмын дагуу энэ талаарх мэдээллийг хүргүүлсэн, холбогдох аргачлалыг нийтэд ил тодорхой байлгаж мэдээлсэн зэрэг ач холбогдол бүхий баримтууд хэрэгт байхгүй. Хариуцагч банк энэ талаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгч буюу зээлдэгчийг шимтгэл төлөх үүрэггүй гэж үзэж, хариуцагчаас 559,000 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бичсэн: Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа