Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан “Бодь Интернэшнл” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч бөгөөд сүүлийн үед үүссэн оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.
Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан “Засгийн газрын 2008 оны зургадугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор, одоогоос 14 жилийн өмнө “Энержи ресурс” компанид энэ төмөр замыг барих концессын эрхийг өгсөн. 2008 оны анхны зөвшөөрөл С.Баярын Засгийн газрын үед, 2012 оных нь Сү.Батболдын үед байгуулсан. Удалгүй Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд таван сарын өмнө байгуулсан концессын гэрээг цуцалсан. Ингээд энэ компани “Энержи ресурс” ХХК-тай хэлэлцээр хийгээд өмнө гүйцэтгэсэн ажлуудад нөхөн төлбөр олгосон. Мөн зардлыг олгож, “Хөгжлийн банк”-наас 400 хүртэлх сая ам.долларын санхүүжилт авна гэж хэлээд эхний 200 сая ам.долларын санхүүжилтээ аваад ажлыг үргэлжлүүлсэн.
Ингэхдээ “Монголын төмөр зам” ТӨХК “Энержи ресурс” ХХК-ийн эхлүүлсэн тэр бүх ажлыг хөндөхгүйгээр “Самсунг” ХК-ийг үргэлжлүүлж ажиллуулсан, шинэ тендер зарлаагүй. Үүний дараа энэ ажил 2014 оноос санхүүжилтгүй болоод зогссон.
Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар гадаадын хамтрагчтай хамтрах хэрэгтэй юм байна гээд холбогдох гэрээ хийх ажлын хэсгийг байгуулсан. Ингээд 2015 оноос хойш таван жил энэ төсөл зогссон. Үүнээс болоод овоолсон шороо л үлдсэн, хүмүүс нь зугтаад алга болсон гэх ойлголт үлдчихсэн.
Бид 2013 оны төсвөөр энэ төслийг дуусгаж байгаа. Одоо манай төсөл 82 хувьтай явж, тэнд олон зуун хүн ажиллаж, өдөр болгон нүүрс тээвэрлэж байна. Гэхдээ одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод манай төсөл бүрэн дуусахгүй байх эрсдэл үүсэхээр байгаа.
Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт дээр бид өөрсдөөсөө 800 саяас илүү ам.долларыг энэ төсөлд зарцуулчихсан. Бид төрөөс 400 орчим сая ам.долларын бэлэн мөнгө болон нүүрс авсан байна. Одоо бид төрөөс 220 сая ам.долларын авлагатай“ гэв.