““Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2011 оны 7 дугаар сараас нүүрс борлуулж эхэлсэн.
Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 86.0 сая тонн нүүрс борлуулж, 4.9 тэрбум ам.доллар буюу 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна.
2010 оноос хойш улсын болон орон нутгийн төсөвт 3.1 их наяд төгрөгийн татварыг төвлөрүүлсэн байна.
Засгийн газрын 362 дугаар тогтоолын хүрээнд борлуулалтын орлогыг нэмэгдүүлж 500 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлэхээр ажиллаж байна. Уг тогтоол батлагдсанаас хойш 420.0 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.8 сая тонн нүүрс борлууллаа.
Үүнээс зөвхөн 11 дүгээр сард нийт 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 сая тонн нүүрсийг Гашуунсухайт боомтоор экспортолсон байна.
Одоогийн байдлаар 420 сая ам.долларын орлогын 143.8 сая ам.долларыг Монголбанканд өгсөн. Энэ долоо хоногт багтаан дансны үлдэгдэлд байгаа 81.5 сая ам.долларыг Монголбанканд өгнө.
“Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 603 сая ам.долларын урьдчилж олсон орлоготой байсан. Үүнээс 198.0 сая ам.долларыг нүүрсээр барагдуулсан бөгөөд 405 сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй байна.
Энэ өрийг богино хугацаанд барагдуулж, нүүрсээ борлуулсан орлогоо төвлөрүүлдэг болох зорилттой ажиллаж байна.
Мөн баруун, зүүн цанхийн уурхайн уулын ажлын төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээний хүрээнд 2022 онд нийт 781.4 мянган тонн нүүрс нийлүүлсэн. Нүүрсээр төлбөр барагдуулахдаа 7-10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалж компанид орох орлогыг 31.1 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.
Цаашид нүүрсээр төлбөр төлдөг байдлыг зогсоож, зөвхөн бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэг болох, нүүрсийг биржээр дамжуулан борлуулах, хил үнээр худалдаалдаг болохоор бэлтгэл ажлыг хийж байна” гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцуулжээ.