IPO-г манайхны зарим нь айпоо гэнэ, зарим нь ийпоо гэнэ. Ийпоо нь арай “монголжуу” юм шиг байгаам. Алин байлаа ч гэсэн тэр компани ийпоо гаргаад ёстой “алаад хаяж” гэх мэт ярих. Монголын ийпоо бүгдээрээ шахам нүүрсний компанийх гэдгийг нэг муу мэдээд байдаг юм. Харин ямар хэмжээний мөнгө хөрөнгө эргэлдэж, тэр нь Монгол Улсад ямар ашиг өгөх, тухайлбал өөрт нь ямар хамаатайг олонхи нь үл мэднэ. Тэгсэн атлаа “эдийн засгийн онол”-оор бол ёстой “нисээд өгнө”. Манайхны хувьд “онол хэтрэхээр оргүй болдог” гэсэн хэллэг яг таарна. Миний хувьд монголчуудынхаа нүүрсний мэдлэгийг нэмэх гэж ёстой үйлээ үзэж байна. Аналитик өгүүлэл бичихээр “загнана”, зураг үзүүлэхээр “уйдана”. Одоо хичээл маягтай юм орвол бас л загнах болов уу, яах бол…
Ийпоо гэж…
IPO гэдэг нь “Initial public offering” гэсэн үгийн товчлол бөгөөд үнэт цаас анхлан байршуулах гэсэн утгатай. Компаниуд хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгө гээд голдуу хөрөнгө дутагдалтай байдаг. Энэ тохиолдолд зээл авч болно, облигаци гаргаж болно, хөрөнгө оруулагч олж түүнд компанийнхаа хувийг зарж болно. Энэхүү сүүлчийн хувилбар IPO-д их дөхөж очно.
Нэлээд том компанид IPO хэрэгтэй. Жижиг нь банкнаас зээл аваад л болно. Ингээд тэд хөрөнгийн бирж дээр очно. Тэр нь гадаад, дотоод 2 янз байна. Монголын дотоод бирж ядуу мөртлөө тэнэг учраас хэнд ч хэрэггүй. Ингээд гадаад бирж үлдэнэ. Тэр нь бас олон улсын болон бүс нутгийн гээд олон янз. Нэр хүндээрээ ч ихээхэн ялгаатай. Ухаандаа Нью-Йоркын хөрөнгийн биржид очвол хамгийн мундаг нь болно шүү дээ. Энэ дэлхийд биржүүд олон бий ч зиндаа болон дагналтаараа ихээхэн ялгаатай.
Ингээд тэнд очоод монгол ойлголтоор бол “бүртгүүлнэ”. Гэхдээ зүгээр давхиж очоод “бүртгүүлчихдэг” амархан ажил биш. Хөрөнгийн биржийн эмитентын листингэд (listing) буюу жагсаалтад орох гэж сүйд болно. Энд мань компани эмитент буюу буюу монголоор бол гаргагч гэсэн чамин нэртэй болно. Бирж болгон их хатуу шаардлага тавина шүү дээ. Том бирж бол “мангар том” шаардах нь мэдээж хэрэг. Нэг биржид ч гэсэн листинг нь 1, 2, 3 дугаар гэхчлэн олон янзын зэрэглэлтэй. Мань компани ядуу байвал доогуур л орж таарна. “Дээгүүр” орохын тулд гадаадын томчуудтай нийлж, ядахдаа нэрийг нь барих ёстой болно.
Дашрамд дурдахад санхүүгийн зах зээл хүний толгой эргэм олон гадаад нэр томъёотой, энэнээс нь болоод манайхан ийпоог барагтай хүн ойртохын аргагүй “аймаар юм” гэж бодоод байдаг юм. Манай бизнес, санхүү, банкныхан манайхны сэтгэл зүйн энэ байдлыг далимдуулж “хэт ухаантан” болж чамирхахаас гадна хүний толгой эргүүлэх гол зэвсгээ болгох талаар ихэд мэргэжсэн байдгийг онцлон дурдаж байна.
“Бүртгүүлэхийн” тулд ажилласан жил, цэвэр активын (хөрөнгө) доод хэмжээ, өмнөх жилүүдийн ашиг, хувьцааны багц, хувь нийлүүлэгчдийн тоо зэргийг гол үзүүлэлтүүд болгох ба үүгээрээ бирж дээр “жагсана”. Тэгээд болоогүй ээ. IPO-г зохион байгуулах хөрөнгө оруулалтын банк олох ёстой. Ийм банкыг андеррайтер гэдэг бөгөөд хэд хэдийг зэрэг сонгож ч болно.
Ингээд мань компани олон улсын зах зээлд дээр гарах бөгөөд хувьцааныхаа үнийг нэмэх гэж “үзэж тарах” ёстой. Энд хянадаг, шалгадаг, аудит хийдэг гадаад дотоодын үй олон байгууллага, механизм байдаг ч үүнийг одоохондоо ярихгүй. Харин манайд бол IPO чинь юу болж байна гэж асуудаг ч газар байхгүй, мэддэг хүн цөөн, сонирхдог хүн ч бараг байхгүй дээ.
Ингээд хөрөнгө оруулагчдыг “гуйж” гарах бөгөөд үүнийг “road show” гэдэг. Мань компани үнээ хэлж, хувьцаагаа аваач гэж микроавтобусны кондуктор шиг нетээр нэг “хашгирдаг” юм шиг байгаам. Уг нь “амархан” ш дээ. Ингээд тогтоосон хугацаанд хөрөнгө оруулагчид худалдаж авах хэмжээ дамжаа бүхий мэдэгдэл, монголоор бол “өргөдлөө” өгнө. Ийм олон “өргөдлийг” нийлүүлж нэмэхээр хувьцааны үнэ тогтож тодорхой болно. Ингээд гар хөлийн үсэг зурж “ёслол” хийсний дараа сая нэг юм нөгөө хувьцаа нь хөрөнгийн зах зээлд орох эрхтэй болно. Эмитент нэртэй болсон мань компани зарсан хувьцаанаасаа мөнгө олно, андеррайтерүүд нь шагналаа авна.
Ингээд энэ компанийн үнэт цаасны ханш бий болж эрэлт нийлүүлэлтийн явцад дээш доош хөдөлж эхлэнэ. Энэ эмиссийн буюу гаргалтын хүрээнд компанийн гаргасан хувьцааны нийт тоог энэхүү ханшаар үржүүлбэл компанийн хөрөнгөжилт буюу монголоор бол уг компани “ямар үнэтэйг” хялбархан мэдэж болно. Заримдаа компаниа зөв үнэлэхийн тулд гол өмчлөгч нь IPO гаргаж ханшаа тогтоогоод дараа нь өөрийнхөө багцыг зах зээлийн үнээр зарах явдал олонтаа гардаг.
Үүнээс цааш хийх хувьцааны наймаа “хоёрдахь зах зээл” гэсэн ангилалд орж энд ярьж буй сэдвийн хүрээнээс халин гарна. Ер нь бол мань компани хувьцаагаа янз бүрийн арга хэрэгслээр үнэ хүргэн зарах, өргөтгөх нэмэлт арга юм даа. Нэгэнт IPO гаргасны дараа бол ямар ч хүн хөрөнгийн бирж дээрээс мань компанийн хувьцааг худалдан авч, зарж болно. Энэхүү “ямар ч хүн” гэдэг ойлголт монголчуудын олонхид бараг хамаагүй. Учир нь дундаж монгол хүн Элдэв-Очирын нэрэмжит кино театрын байранд ажиллаж буй Монголын хөрөнгийн биржийг “тоож” шагайхгүй байж “тэнэг” юм шиг олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд оролцож харагдаач…
Гэхдээ одоо монгол нөхөр ямар ч завгүй, 1 саяыг авах уу, хувьцаагаа авах уу гэсэн эдийн засгийн “онолын загвар” дээр “тооцоо” хийж байгаа. 536, 1072 гэсэн хоёр үл мэдэгдэгчтэй, 1 сая гэсэн ганц өгөгдөлтэй “онолын” загвар бодоход компьютер энэ тэр ямар ч хэрэггүй, монгол хүний “цээжний бан” гэж нэг “сайхан юм” байдаг юм. Ингээд “бодож” чадахгүй “залхуу” нь хүрээд ирэхээрээ “улс төрийн арга” хэрэглэнэ дээ.
Та хоёрын хэн нь хамгийн үнэтэй, хамгийн олон хувьцаа өгөх гэж байна гэж МАН, АН хоёрыг “сүрдүүлнэ” шүү дээ. Нөгөө хоёр нь чухам ингэхийг нь хүлээж байдаг бөлгөө. Нам засаг нь “төрийн буян” болгож юу хялайлгахыг хүлээгээд хэвтчихэд өөх өгөхгүй ч уушиг өгнө гэдгийг мань монгол нэг муу мэдэхтэйгээ.
Компаниуд IPO гаргана гэж зүтгэдгийн учир нь зөв ажиллавал мөнгө асар их үрждэгт оршино. Түүнээс гадна санхүүгийн илүү таатай нөхцөл олж авна, хувьцаа нэмж оруулан улам их баяжиж болно, том арилжаа хийх болон нэгдэж нийлэх үед мөнгө нэмж заралгүйгээр өөрийнхөө хувьцаагаар тооцоо хийж болдог олон давуу тал олж авдаг.
Ийпоо бол тийм ч их цэвэрхэн эд биш. Ухаандаа эзэд хувьцаа гаргаж, “хөөсрүүлэн” зарж өөрсдөө баяжчихаад аажмаар компаниа дампууруулахад хувь нийлүүлэгчид үнэгүйдсэн хувьцааны “хоосон цаастай” үлдэх тохиолдол олон гардаг. Мөн ийпоо гаргах болгонд мөнгө аяндаа үржээд байдаг ч юм биш. Аливаа арилжаанд байдгийн адил зарим нь мандана, зарим нь сөнөнө. Түүнээс гадна ийпоо гаргасны дараа компанийн хувьцаа өсөж байхад ч санхүүгийн луйвар хийх боломж бас л байнга нээлттэй байдаг юм.
Монгол компаниудын ийпоо
Зөвхөн 2011 онд л Монголын нүүрсний компаниудын IPO Гонконг, Австралийн бирж дээр 1.6 тэрбум ам.доллараар өссөн бөгөөд энэ нь дээд үзүүлэлт хараахан биш юм. Тухайлбал 2011 онд Гонконгийн бирж дээр IPO-гоо SouthGobi 460 сая ам.доллар, Монголын Уул уурхайн Корпораци 650 сая, Winsway Coking Coal Holdins 472 сая ам доллараар өсгөжээ. Жил хүрэхгүй хугацаанд Hunnu Coal, Xanadu Mines компаниуд Австрали дахь эрэлтээс хуваалцдаг орлогынхоо дүнг 66 сая ам.доллараар өсгөсөн байна.
Монголын түүхэнд анх удаа нүүрсний экспорт 2010 оны зэсийн хэмжээнд хүрч, нүүрсний экспорт үнийн өсөлттэй ч гэсэн 2,9 дахин “үсэрчээ”. 2011 онд 20 сая тонн нүүрс экспортлоно гэж тооцож байсан ч үйлдвэрлэл 32 сая тонн хүрэв. 2012 онд тооцож байгаагаар нүүрсний үйлдвэрлэл 38 сая тонн болох аж. Энэ бол эдийн засгийн аварга их үсрэлт болно.
Үүний улмаас Монголын компаниуд олон улсын зах зээлд IPO гаргахыг ихэд сонирхож байна. Энэ үйл явц нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн юм. Одоо олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй “монголын” 18 компани байна. Эдний дунд “цэвэр монгол” компани бараг байхгүй учраас хашилт хэрэглэж байна.
Австралийн хөрөнгийн бирж дээр: Aspire Mining, C@, General Mining, Guildford Coal, Hunnu coal, Robe Australia, Modun Resources, Xanadu Mines,
Гонконгийн хөрөнгийн бирж дээр: Winsway Coking Coal Holding, Mongolian Energy Corporation, Mongolian Investment Group, Bestway International, Asia Coal, Mongolian Mining Corporation,
Лондонгийн хөрөнгийн бирж дээр: Origo Partners
Торонтогийн хөрөнгийн бирж дээр: Luck Strike Corporation, Prophecy Coal, South Gobi Resource тус тус ийпоодож байна.
Эдгээр “монгол” компаниудын олонхийн нэрийг манайхан анх удаагаа сонсож байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Хэдийн завандаа ийм олон компани монголын нэрээр ийпоодчихсныг мэдэх хүн цөөхөн. “Төрийн нууц” л лавтайяа биш юмдаг…
Монголын бусад компаниуд олон улсын зах зээл дээр ирэх хоёр жилийн дотор ийпоо гаргахыг эрмэлзэх нь гарцаагүй. Эндээс хамгийн том “Эрдэнэс Таван Толгой”-н ийпоо хамгийн сонин, хамгийн хэрүүлтэй, хамгийн их улс төртэй болох нь ойлгомжтой юм.
Монголын 175 тэрбум тонн нүүрсийг, дээрээс нь алт, уран, нефть, газрын ховор металл, төмөр, зэс, молибден, цайр, мөнгө зэрэг өнгөт метал болон бүх ашигт малтмал, бас төмөр болон авто замуудаа нэмээд “ийпоодчихвол” юу гээч нь болохыг Бурхан, Чөтгөр хоёр л мэдэх байх…
Би ийпоог огт, хэзээ ч хийж болохгүй, хүмүүн бус, гаж зүйл гэж хэлэх гээгүй байна. Энд чинь л ёстой нөгөө бодлого, стратеги, үзэл баримтлал, хөтөлбөр, үндэсний эрх ашиг, хяналт зохицуулалт хийх хэрэгтэй, ёстой, албатай. Энэ бол бидний, бидний ч гэж дээ, нам, төр засаг, улс төрчдийн үүрэг, хариуцлагын мөн чанар юм.
Гэтэл хамаг мэдээллийг нууцлана, худал ярина, амлана, барьцаална, луйвар хийнэ, ашигт малтмал барьцаална, ард түмнээ хулхидана, ийпоогоо дангаараа иднэ гэх шуналтнууд Монголоор дүүрэн байна.
Тэгвэл ч монголын ард түмэн Та нарыг өөрсдийг чинь ямар ч үнэ цэнэгүй ийпоо болгоод “хаячихаж” чадах л байх шүү…
Иймээс би “Хувьцааныхаа үнэтэйг хулхидуулахаараа мэднэ” гэж 2011 оны 4 дүгээр сарын 12-нд хэлсэн. Олонхи нь тоогоогүй, үнэмшээгүй…
Одоо “ийпооныхоо үнэтэйг ийлэхээрээ мэднэ” гэж хэлж байна.
Манай залуусын олонхи “ийлэх” гэсэн монгол үгийг бараг мэдэхгүй биз. Ийлэх гэдэг нь: 1. мал амьтны оргон зайлж зугтах, 2. өөрийн гэсэн орон гэргүй хүн айл хэсэн тэнэж явахыг хэлдэг юм. Одоо ойлгов уу ?!
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 2 дугаар сарын 13