Нэгэн өдөр бяцхан хүү аав дээрээ очоод “Ааваа, миний амьдралын үнэ цэнэ юу юм бэ?” гэж асуув…
Аав нь хүүдээ нэгэн чулуу өгөөд, “Хүү минь, чи амьдралынхаа үнэ цэнийг мэдэхийг хүсч байгаа бол энэ чулууг аваад зах дээр оч, хүн үнийг нь асуувал юу ч хэлэлгүй 2 хуруугаа гозойлгоорой” гэлээ…
Хүү аавынхаа хэлсний дагуу чулуугаа аваад зах дээр очив…
Чулуугаа бариад наагуур цаагуур алхаж явтал нэгэн эмэгтэй дөхөж ирээд “Энэ чулуу ямар үнэтэй юм бэ?” гэж асуулаа…
Хүү юм хэлэлгүй хоёр хуруугаа гозойлголоо…
Нөгөө эмэгтэй: “2 доллар юм уу? Би авъя” гэлээ…
Гайхсан хүү аав руугаа гүйж ирээд: “Ааваа, зах дээр нэг эмэгтэй энэ чулууг 2 доллараар авъя гэж байна” гэж хэллээ…
Аав нь хүүдээ: “Миний хүү одоо яваад музей рүү оч…
Хэн нэгэн үнийг нь асуувал бас л 2 хуруугаа гозойлгоорой” гэв…
Хүү чулуугаа аваад музей рүү очлоо…
20 орчим минутын дараа нэгэн хижээл насны эр хүүд ойртож:
“Энэ чулуу ямар үнэтэй вэ?” гэж асуулаа…
Хүү дуугарсангүй, харин 2 хуруугаа гозойлгон түүнд харуулав…
Нөгөө эр: “200 доллар юм уу, би авъя” гэлээ…
Гайхсан хүү аав дээрээ эргэж ирээд: “Ааваа, музейд байсан нэг хүн энэ чулууг 200 доллараар авъя гэлээ” гэв…
Аав нь: “За хүү минь, энэ чулууг авч очих хамгийн сүүлийн газар бол үнэт чулууны дэлгүүр, дэлгүүрт хэн нэгэн үнийг нь асуувал урдах шигээ үйлдэл хийгээрэй” гэж захилаа…
Хүү ч чулууг аван үнэт чулууны дэлгүүр рүү харайлгав…
Лангууны ард сууж байсан өвгөн нөгөө чулууг харснаа босон харайж:
“Ээ, бурхан минь, амьдралынхаа турш хайж байсан чулууг хүү чи бариад зогсч байна ш дээ. Хүү минь чулууг хэдээр зарах уу?” гэж асуулаа…
Хүү ч аавынхаа захиснаас гажсангүй, 2 хуруугаа гозойлгов…
“200 мянган доллар юм уу, би авъя” гэж өвгөн хэллээ…
Хүү ч мэл гайхсан амьтан аав дээрээ гүйж ирээд:
“Ааваа, үнэт чулууны дэлгүүрийн өвөө энэ чулууг 200,000 доллараар авъя гэлээ” хэмээн уулга алдав…
“За хүү минь, чи харав уу?
Амьдралын үнэ цэнийг ойлгов уу?
Амьдрал чамайг хаана байхаас шалтгаална…
Чи 2 долларын чулуу баймаар байна уу эсвэл 200 мянган долларын чулуу баймаар байна уу гэдгээ өөрөө сонгоно…
Чамайг хайрлах, тэдний хувьд чи бүх зүйл нь байх тийм хүмүүс байхад чамайг бүтээгдэхүүн мэтээр харж ашиглах хүмүүс бас байна…
Тийм хүмүүсийн хувьд чи ямар ч үнэ цэнэгүй нэгэн…
Тиймээс, чи л амьдралынхаа үнэ цэнийг өөрөө шийднэ” хэмээн зөвлөөд хүүгийнхээ духан дээр үнсэв…
Эх сурвалж: Өсвөрийн сэтгэл зүйч холбоо