Өнөөдөр Олон улсын залуучуудын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1999 оны шийдвэрээр 2000 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Ингэснээр залуу хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, залуучуудын чиглэлээрх үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийг залуучуудын оролцоотой боловсруулах, хэрэгжүүлэх, 1995 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Дэлхийн Залуучуудын төлөөх Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дэмжихийг зорьжээ.
Залуучууд дэлхийн ажиллах хүчний дөрөвний нэгийг эзэлж, ажилгүйчүүдийн тал нь залуус байгаа юм. Өндөр мэргэшилтэй мэргэжилтнүүдээс бусад залуу хүмүүсийн хувьд сайхан ирээдүй бүхий тогтвортой ажил эрхлэлтийг хангах бэрхшээл хөдөлмөрийн зах зээлд гарч байдаг. Өнөөдөр дэлхийд 25 хүртэлх насны бараг 3 тэрбум оршин суугч байна. Тэднээс хагас тэрбум гаруй нь ядуу зүдүү аж төрж байгаа аж. Ядуу зүдүү амьдралаас болоод өдөр бүр 30 мянга орчим хүүхэд нас барж байна. Өдөр бүр 7 мянган залуу хүн ДОХ-ын халдвар авч байна.
Үе үеийнхний харилцан хамааралтайг хүлээн зөвшөөрч, янз бүрийн насныхны асуудлыг хамтдаа шийдвэрлэхийг НҮБ-ыг ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан юм.
Энэхүү өдрийг тохиолдуулан манай улсад “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг “Залуучуудын-Эерэг өөрчлөлтийн хүч” уриан дор зохион байгуулах юм. Тус аяны нээлт өнөөдөр “Гэрэлт гудамж”-нд болно. Мөн энэ сарын аяны хүрээнд “Эерэг Улаанбаатар 2017” олон улсын залуучуудын фестиваль, “Бид зорилготой залуус” форум уулзалт, “1000 Морьтны фестиваль” зэрэг арга хэмжээг зохион байгуулах аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ