Ажил амины хэргээр хилийн дээс алхах иргэдтэй зэрэгцэн хүүхдүүд гадаад орныг зорих нь их болсон. Гэвч олон улсын тэмцээн уралдаанд оролцох, аялах, гадаадад амьдарч буй ээж аав, ах эгчийгээ зорьж буй хүүхдүүдийн бичиг баримтыг Монгол Улсын хил гааль дээр чамгүй судалдаг. Энэ нь хүүхэд авч гадаадад зорчиж байгаа хүмүүсийн бухимдлыг ихээр төрүүлдэг. Хэрвээ Та хүүхдээ аль нэгэн байгууллагад даатган аялуулах, олон улсын тэмцээн уралдаанд оролцуулахаар үдэх гэж байгаа эсвэл ах эгч рүү нь явуулахаар зэхэж буй бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
Хүүхэд аливаа нийгмийн харилцаанд эцэг эх, гэр бүл насанд хүрэгсэд болон нийгмийн хайр халамж, хамгаалагчгүйгээр эрхээ эдлэх боломжгүй юм. Нөгөө талаар Монгол Улсын иргэн гадаадад зорчих цагаачлах тухай хуулийн 7 зүйлийн 7.1-д “Насанд хүрээгүй буюу эрхзүйн чадамжгүй хүн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлахдаа зөвхөн эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт явна” гэж заасан байдаг. Энэхүү хуулийн заалт улсын хил гааль дээр хүүхдийн бичиг баримтыг зайлшгүй анхааралтай шалгах шалтгаан болж өгдөг.
Арван зургаан нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр Монгол Улсын хилээр гаргахгүй тул 16 хүртэл насны хүүхэд заавал эцэг эхийн хамт явах, эсвэл насанд хүрсэн харгалзан дэмжих хүний хамт зорчино. Ингэхдээ нотариатын байгууллагаар баталгаажсан итгэмжлэлтэй байна. Итгэмжлэл авах тохиолдолд дараах баримтыг бүрдүүлэх учиртай. Хүүхдийг авч яваа хүн нь хүүхдийн эмээ, өвөө, төрсөн ах эгч байсан ч энэ баримтуудыг бүрдүүлэх ёстойг анхаараарай.
Насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаад зорчихоор хил нэвтрэхээр бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон сум, дүүргийн Засаг даргын захирамж, харин насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй хүн эцэг эх, арсан хамгаалагч, харгалзан дэмжигчгүйгээр гадаад улсад зорчих тохиолдолд харгалзан яваа хүн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс гаргасан нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл тус тус шаардлагатай.
Итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэхэд эцэг эхийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон сум, дүүргийн Засаг даргын захирамж, өөрсдийн иргэний үнэмлэх, харгалзан явах хүний иргэний үнэмлэхийн хамт нотариатын байгууллагад ирж дээрх итгэмжлэлийг хийлгэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.11 дэх хэсэгт “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” хэмээн заасан байдаг.
Төлөөлөгч нь насанд хүрээгүй хүнийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд (сургуульд сурах, амьдрах зорилгоор үлдээсэн, түр хугацаагаар ах дүү, эцэг эхийнх нь аль нэгний асрамжинд үлдээсэн…) гэх мэт төлөөлөгчийн даалгаварын дагуу үлдээсэн гэх мэт шалтгаанаа нотлох баримттай байх ёстойг анхаарах нь зүйтэй. Энэ нь Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн дагуу улсын хилээр хамт гарсан насанд хүрээгүй хүнийг хилийн гадна ямар учраас үлдээснийг тодруулах шаардлагаас үүсдэг гэдгийг ойлгож байх нь чухал.
Нотариатч Б.Гийгиймаа