Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал эцэстээ Засгийн газрыг огцруулах зэргээр зорилгоосоо гажаад явчихлаа.
Мэдээж эхний хоёр өдөр иргэд өөрсдийн сэтгэл, зүрхний дуудлагаар эх орноо хэмээн жагссан нь хэнд ч ойлгомжтой мөн илэрхий байсан. Гэтэл гуравдахь өдрөөс эхлэн асуудал өөрчлөгдөж эхэлсэн. Сайн дурын уран сайхан ч мэт жагсаалын тэргүүн эгнээнд “дуулагчид” ч гарч ирсэн. Үүнийг нь учир мэдэх хүмүүс өнгө хувьсгал болох вий хэмээн сэрэмжилж буй.
Гэтэл дахиад Засгийн газрыг огцруулахын тулд Төв талбайд 30 гэр барина хэмээн С.Эрдэнийн хүү Э.Одбаяр болон “Урбан иргэдийн форум” гэгч ТББ Хотын захиргаанаас зөвшөөрөл хүсчээ.
Эндээс харахад өвлийн тэсгим хүйтэнд иргэдийн санаачилга, хүсэл дээр тоглолт хийх гэсэн хүмүүс их хэмжээний санхүүжилтээр ахуй талаас нь нөлөөлөх гээд байгаа нь илэрхий болчихлоо. Тиймээс хуулийн байгууллагынхан нүүрсний хэргийн зэрэгцээ жагсаалаар ашиг хайгчдыг ч мөн шалгах шаардлага үүсээд байна шүү.
Дөнгөж өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 8-нд жагсагчид албан ёсны жагсаал 17:00 цагт дууссан гэж зарласан. Гэтэл тэдний жагсаал тарж амжаагүй шахам байхад төв замын хөдөлгөөнийг хааж, уртаас урт цагаан давуу бүхий лоозонгоор эгнээг нь тэлж байсныг олон нийт харсан. Энэ мэтчилэн энгийн иргэдийн жагсаалыг элдэв санаа агуулагчид эсэргүүцлийн хурц хэлбэрт шилжүүлж, өөрсдийн санаснаа гүйцээх гээд байгаа бололтой.
Эх сурвалж: ErenNews.mn