Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл болон Шинжлэх Ухааны Академитай хамтран “Монгол Улсын ундны усны чанарын судалгааны үр дүнг хэлэлцэх нь” уулзалтыг 2022 оны 12-р сарын 06-ны өдөр 15 цагт Millenium плаза, 5 давхрын хурлын танхимд зохион байгуулна.
2019 оноос 2022 оны хооронд Монгол Улсын 21 аймаг, 360 сум суурин газар, Улаанбаатар хотын 9 дүүрэг, Монгол Улсын төмөр зам дагуух 128 өртөө, зөрлөг, суурин газрын хүн амыг ундны усаар хангаж байгаа 3582 уст цэгийн сорьцонд ерөнхий физик-хими, бичил элемент, бичил амь судлал, цацрагийн аюулгүйн шинжилгээг 88 үзүүлэлтээр тодорхойлсон болно. Шинжилгээний дүнгээс харахад 1367 сорьц “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах.
Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлага хангаагүй байна. Тус судалгааны эцсийн үр дүнд ХСУХАТАҮЗЗ, болон Шинжлэх Ухааны Академи, Хими, химийн технологийн хүрээлэн, Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн ажилчид, эрдэмтэн судлаачид Монгол Улсын ундны усны чанарын өнөөгийн нөхцөл байдал, учирч болох эрсдэл, түүнээс сэргийлэх, ирээдүйд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар зөвлөлдөнө.
ХСУХАТАҮЗЗ-ийн мэргэжилтэн А.Тэмүүлэн
Холбоо барих утас: 98118040
И-Мэйл: temuulen@wsrc.mn