Дархан-Уул аймагт шатахууны нөөцийн сав шатсаны улмаас нэг хүн эмнэлэгт хүргэгдэх явцдаа амь насаа алдаж, хоёр хүн огт олдоогүй хэвээр байгааг тус аймгийн DBS TV мэдээллээ.
Тодруулбал, DBS TV суваг фэйсбүүк дэх албан ёсны хуудаснаа “2022.12.01-ний өдрийн өглөө 2,000 тонныг багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатсан. Ээлж солилцох үеэр гурван хүн байсан бөгөөд тэднийг байх үед гал гарсан байна.
Нэг иргэнийг галаас гаргаад, эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Нөгөө хоёр иргэн олдохгүй байна. Амьд үлдсэн байх найдвар маш бага гэж мэдээллээ. Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
Галын унтраахын тулд 3,000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс нэг, хоёр аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй. Тиймээс Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан наашаа хөдөлсөн байна.
Гал айл өрх рүү орох магадлал харьцангуй бага. Гэхдээ эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж байна. Шалтгаан одоогоор тодорхойгүй, мэргэжлийн байгууллагаас тодорхой болсны дараа мэдээлэх болно” гэжээ.