Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Нийгмийн даатгалын сантай холбоотой Монголбанкны асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Нийгмийн даатгалын сан бол нэг сая даатгуулагч, 50 мянган ажил олгогч, 460 мянган тэтгэвэр авагчдын мөнгөн хөрөнгө юм. Энэ санг эрсдэлд оруулсан хүмүүсийн хариуцлагын асуудлыг ярих ёстой. Монголбанкны эрх хүлээн авагчийг УИХ шалгах ёстой гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг Капитал банканд байж байгаад дампуурсан. 78 төрлийн янз бүрийн хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хурааж авсан. Найман удаагийн дуудлага худалдаа явагдаад 17 тэрбум төгрөгийн 51 хөрөнгө огт зарагдахгүй байгаа. Хүн тоохгүй байна. Тэгсэн мөртлөө Монголбанкны эрх хүлээн авагчид үнэ бүхий эд хөрөнгийг өөрсдөө хурааж, захирлынхаа мэдэлд авч байна. Энэ бол үнэхээр байж болохгүй зүйл.
Монголбанк арилжааны банкийг дампууруулж, өмч хөрөнгийг нь дээрэмддэг асуудал өмнө нь байсан. Одоо бас үргэлжилж байна. Тухайлбал, Сэлхийн зусланд алтны компани барьсан Замбуулин виллаж гэдэг хотхон бий. Тус хотхоныг Капитал банканд өрөндөө хураалгасан. Үүнээс амины гурван орон сууцыг Монголбанк удирдлагуудынхаа мэдэлд хурааж авсан байна. Монголбанкны хөрөнгөөр тэнд нь дотоод засал хийсэн.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч тухайн орон сууцанд амьдарч байгаа талаар иргэд мэдээлж байна. Гэтэл санд хураагдсан мөнгө нь борлуулагддаггүй. Гол хөрөнгийг нь Монголбанк завшиж болдог юм уу? Шүүх дээр Капитал банкны нэмэлт хөрөнгийг тогтоох ажиллагаа хийгдэж байгаа. Шүүхээр шийдээд, хурааж авсан мөнгөн хөрөнгө иргэд хөдөлмөрчдийн мөнгө. Тиймээс энэ асуудлыг УИХ шалгамаар байна. Зөвхөн Нийгмийн даатгалын сан дээр 100 тэрбум төгрөг яригдаж байна. Энэ асуудлыг хянан шалгах ажлын хэсгийг байгуулж өгөөч” гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, Монголбанк, Капитал банк, эрх хүлээн авагчтай холбоотой асуудлыг шалгая. Ер нь Монголбанктай холбоотой олон гомдлыг нэгтгээд шалгасан нь дээр байх” гэлээ.