Шийдвэрийн дугаар: 2022.10.26-ны өдрийн 181/ШШ2022/02397
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй
2022.11.21, Шийдвэр-хураангуй-7
Иргэн Сүх нь Монгол Улсад төсөл хэрэгжүүлж буй гадаадын “П” байгууллагад туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, ажил олгогчийн зүгээс түүнд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, цаашид сунгагдахгүй болсон талаар цахим /имэйл/-аар мэдэгджээ.
Ажилтан Сүх нь хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болгох тухай мэдэгдлээ ажил олгогч нь бичгээр гаргаж, танилцуулах үүргээ биелүүлээгүй гэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Ажил олгогч “П” байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “… туршилтын хугацаа дууссанаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул ажлаас халсан гэж үзэхгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгосноор цаашид сунгагдахгүй болсон үндэслэлийн талаар и-мэйлээр мэдэгдсэн, … и-мэйл хүлээж авснаас хойш шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж маргажээ.
Хуульд, ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө гэж заасан бөгөөд “П” байгууллагын Сүхэд хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй болсон талаар цахим /и-мэйл/-аар мэдэгдсэн байдал нь уг хуульд нийцээгүй байна.
Иймээс, шүүх ажил олгогч “П” байгууллагыг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрээ бичгээр гаргаж, ажилтан Сүхэд танилцуулан, шийдвэрийн 1 хувийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Түүнчлэн, ажил олгогч нь шийдвэрээ Сүхэд гардуулаагүй тул гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэн, Сүхийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 36,0 сая төгрөгийг гаргуулан Сүхэд олгож шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/123878?daterange=2022-10-26%20-%202022-10-26&id=1&court_cat=1&bb=1
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүх, шүүгч Н.Батчимэг