Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлтэй холбоотой асуудал сүүлийн үед төр захиргааны байгууллагуудыг сандаргаж байгаа. НИТХ-ын хуралдаанд 2023 оны нийслэлийн төсвийн задаргааг Хотын дарга Д.Сумъяабазар танилцуулах үедээ түгрэлийн буруутанг “УИХ” гэж нэрлэв.
Тэрбээр “Улаанбаатарт түгжрэл гамшиг болчихсон. Хот төлөвлөлт алдагдсан нь үнэн. Үүнд УИХ буруутай. Бодлогын алдаанууд 30 жил үргэлжилсэн. Энэ нөхцөл байдлыг засахад 3, 4 жил хүрэхгүй. Билл Гэйтс, Уоррен Баффет гээд дэлхийн томчуудыг авчраад янзалъя гэсэн ч амжихгүй.
Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөг гээд тэнгэрийн юм шиг яриад байна. Энэ нь нийслэлд ачаалал өгсөн гэхдээ юм яриагүй. Дахиад 340 тэрбум төгрөг Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатарын багцад байгаа. Засгийн газрын гишүүн НИТХ-ын хуралд суух нь хууль эрхзүйн хувьд боломжгүй. Бүгдээрээ Түгжрэлийг бууруулах үндэсний хороон дээр очоод танилцуулж, саналаа тусгая.
800 шинэ автобус оруулж ирэхээр ярьж байгаа. Үүнийг үндэсний хороон дээр эцэслэн шийдье” гэв.