УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.
Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг одоогоор Засгийн газар УИХ-д хараахан өргөн бариагүй байна. Гэхдээ өргөн барихын өмнө МАН-ын бүлэгт танилцуулж, шинэчилсэн найруулгын төсөлд тусгах гишүүдийн саналыг сонслоо. Аялал жуулчлалын тухай хуулийг өргөн барихын хамт нийт 10 гаруй хуулийг өөрчилнө. Шаардлагатай зарим хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан эдгээр хуулиудыг энэ ондоо багтаан батлагдсан байх шаардлагатай” хэмээн үзсэн гэлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Монгол Улс ковидын өмнөх жил буюу 2019 онд 580 мянган жуулчин хүлээж авч, 610 орчим сая ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас төвлөрүүлсэн. Ковидын дараах үеийн тоон мэдээлэл нэгтгэгдээгүй байна. 2019 онд ДНБ-ий зургаа орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж байсан. Цаашид энэхүү үзүүлэлтийг 30 хувьд хүргэх том зорилт дэвшүүлж буй. Иймд эдгээр хуулийг УИХ-д яаралтай горимоор мэдүүлж батлуулна. Ингэснээр 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойш Монгол Улсад ирэх жуулчдад нэгдүгээрт визгүй буюу визийн хамгийн сайн нөхцөлтэй ангиллын орнуудын тоонд багтсанаа олон улсад зарлах юм. Хоёрдугаарт манай улсад ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага өртөгтэй орон гэсэн хоёр гол мессежийг жуулчдад өгөхийг зорьж, энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Нийтдээ таван бүлэг, 33 зүйлтэй уг хуулийн төслийг дагалдаж 10 хуульд өөрчлөлт орно.
Дээр дурдсан визгүй буюу цахим визтэй, хамгийн хямд тийзтэй орон болсноор Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ тусгай зөвшөөрөлтэй тур оператур компаниуд тухайн жуулчныг аюулгүйгээр аялуулах үүргийг хүлээнэ. Ингэхдээ хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, аюулгүй ирүүлж, аюулгүй жуулчлуулж, аюулгүй буцаах гэсэн зарчмаар ажиллана.
Орон нутгийн захиргаа зорин очих үзэсгэлэнт газруудын маршрутыг өөрсдөө тогтоон батална. Дээр нь отогжуулах үүргийг хүлээж, өгөөжийг нь орон нутаг өөрсдөө хүртэх болно. Одоогийн байдлаар ан агнуурын аялал жуулчлал далд хэлбэрээр явагдаж байгаа ба цаашид нээлттэй дуудлага худалдаа хэлбэрт орох юм.
Аялал жуулчлалын сан байгуулж, казино, морин бооцоот уралдаан, төлбөрт тааварт тоглоомын үйл ажиллагаа тус бүрээс 5 хувийг татан төвлөрүүлэх замаар уг санг орлогожуулна. Аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, агаарын тээврийн салбарыг дэмжих, улирлын чанартай жуулчин татдаг байдлыг арилгаж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлнэ. Мөн гол хуулиа дагалдуулж Казиногийн хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөрт тааварт тоглоомын тухай хуулийн төслийг өргөн барих болно” хэмээв.