Сэтгэл зүйч Д. Мөнхцэцэг
Хүний бусдад харуулдаг хуурамч царай болон жинхэнэ дүр төрхийн хооронд хэдий чинээ ялгаа байна төдий чинээ түүнд сэтгэл зүйн асуудал байна гэсэн үг. Өөрөөрөө байх болон бусдад таалагдах хүсэл хоёрын хоорондын зай их байх тусам хүний дотроо зөрчил, стресс, тэмцэл ихэснэ.
Улмаар бусад руу чиглэсэн хандлага харилцаа давамгайлахтай зэрэгцэн бодит би бууж өгч хамгаалалтын халхавчнуудын дор дарагдана. Хөөрхий минь, дотор хүн тань доройтож, өдөр бүр үхэж эхэлнэ. Иймд бусдын өмнө бүтээсэн дүрээ тордож өөрийгөө үхүүлж байхаар нэгэнт үхэх хорвоо дээр бодит би-гээрээ амьдрахад анхаарч эхэлсэн нь дээр. Тэртээ тэргүй таныг хамаг хүчээ бараад цэсээ зухуйлгаад ирэхэд хичээж бүхнээ зориулсан хүмүүсээс үлдэх нь юу л бол.
Үзэгчид жүжгээ үзэж дуусаад босоод явдагтай адил, бүгд явна. Сайн найз байхгүй, зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг нь анхнаасаа хөөсөн бөмбөлөг бүтээвэл хагарахад бүгд алга болдгийн жишээ, гайхаад байх зүйл байхгүй. Харин хүчтэй байгаа дээрээ бодит би-гээрээ байж үнэнтэй нүүр тулж доторх хүнээ төлөвшүүлэхийн тулд аашаа гаргаж, ичгүүр, утгагүй яриа ярьж тэнэг байдалд орж үз.
Хүүхэд шууд алхаж сурдаггүй, унан босон хөлд ордогтой адил та харилцаанд орж бүтэлгүйтэж байж хөгжинө. Таныг хичээж, өөрийгөө хөгжүүлж, алдаа оноо, сул талаа сайжруулах гэж хичээж байгааг хараад үлдэх хүн нь үлдэнэ, явах нь явна. Зүгээр, хүн таныг орхиж явахаас бүү ай. Тэр хүн өөрөө асуудлаа шийдэж чадаагүй, таныг гэх манатай л яваа.
Гол нь та өөрийгөө орхиж, хамгаалалтын хүнд хэрэм дор үх хэмээн ганцааранг нь булшилж орхихоос л эмээ. Та л энэ үедээ өөрийгөө түшиж, өөртөө үнэнч үлдвэл болно. Бусдад таалагдах гэсэн дотоод хурц тэмцэлтэй биш харин амар амгаланд хөтлөх өөрийгөө хүлээн зөвшөөрч, бие, сэтгэл, оюунаа нэгтгэх хүсэл мөрөөдөлтэй амьдрах цаг хугацаа эргэж харахад үнэ цэнтэй байна. Өөртөө таалагдаж эхлэх үеэс та зовохгүйгээр бусдад таалагдана.