Бусдыг залилан мэхэлсэн насанд хүрээгүй иргэнд 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оноолоо.
Тодруулбал, насанд хүрээгүй эмэгтэй Н фэйсбүүк группэд “Санхүү авна, чатанд ороод ир” гэх зар тавьж, 25 иргэнтэй холбогдон уулзахаар тохирчээ. Ингэхдээ гурван хүнээс урьдчилгаа гэж 150.000 төгрөгийг шилжүүлэн авч, чатаар харилцсан зурвасыг нь гэр бүл, ойр дотны хүмүүст тараана хэмээн сүрдүүлж, 24 хүнээс нийт 3.520.000 төгрөг авчээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас эл үйлдлийг “залилах” болон “заналхийлэх” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н-г бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, хохирогч нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөнгө шилжүүлэн авсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг заналхийлэх болон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Мөн Н-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.