Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Гэр хороололд эмийн сан маш бага байгаа учраас иргэд хайж ийш тийшээ явдаг нь түгжрэлд нөлөөлж байна” гэсэн байр суурийг өчигдөр илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр уг байр суурьтай холбоотойгоор дараах тайлбарыг хэллээ.
Тэрбээр “Би сүүлийн үед хэд хэд жиргэсэн. Гэтэл араас нь эсвэл зураг дээр нь өөр тайлбар биччихдэг, эсвэл үгний араас залгаад өөр үг нэмчихдэг. Түгжрэл үүсгэх нөхцөл болж байна гэсэн үг бичлэг дээр байхгүй.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг ярилцах үеэр С.Энхболд сайдад асуулт тавихдаа хэлсэн үг. Миний хувьд түгжрэлийн асуудал эрхэлж байгаа учраас бүх л зүйлтэй орооцолдох юм. Тухайлбал, дата дурангаар харахад хотын 272 хүнд нэг эмийн сан ногдож байхад, гэр хорооллын 600 гаруй иргэнд нэг ногдож байгаа тухай яриад эмийн сангийн хүрэлцээ ямар байгаа талаар асуусан.
Түгжрэлтэй холбоотой ажил хийж байгаагаа ярьсан хэрнээ үүнтэй холбоогүйгээр С.Энхболд сайдад асуулт тавьсан. Намайг заавал элий балай хүн байгаа мэтээр харагдуулах нь улс төрийн зорилготой.
Гурван сарын өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад зүгээр л байсан. Гэтэл одоо гэнэт Засгийн газарт орсон чинь хэл ам нь олдохгүй, учраа олохгүй явж байгаа мэтээр ярьж байгаа нь улс төрийн зорилготой” гэсэн юм.