Эх сурвалж: Сонин.мн
“Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ-ын үүсгэн байгуулагч Хурган овогтой Сэрээнэндагвын Сэргэлэнтэй ярилцлаа.
Юуны өмнө та ТББ-аа танилцуулахгүй юу?
“Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ 2015 онд байгуулагдсан. Бидний гол чиглэл бол хэлний болон түүхийн эх сурвалж судлал, мөн археологи. Энэ чиглэлийнхнээс бүрдсэн баг хамт олон ажилладаг юм.
Д.Эрдэнэбаатар гуай энэ ТББ-д ямар үүрэгтэй оролцдог юм бэ?
Д.Эрдэнэбаатар маань бол археологич, түүхч хүн. Манай ТББ-аас явуулсан Хүннү үсэг, бичгийн анхдугаар сургалтыг төгссөн. Олон салбарын хүмүүс түүх, хэл гажсан байна гэдэг дээр сэтгэлээсээ нэгдээд, баг болоод энэ ТББ-ыг ажиллуулж байна. Манай байгууллагад маш чухал үүрэгтэй оролцдог, идэвхтэй гишүүдийн маань нэг бол доктор Д.Эрдэнэбаатар юм .
Асуултаа сүүлийн үед та бүхний хөндөж буй сэдвээс эхэлье.Туркууд манай өвөг дээдсийн түүхийн дурсгалт үнэт зүйлүүд Монголд их байна гэж яриад байна. Энэ үнэн үү?
Тэд бидний үсэг, бичиг, түүх, соёлд түрэмгийлж байна. Цаашилбал газарт түрэмгийлэх геополитик байх шиг байна.
Турк улс бол исламын шашинт ертөнцдөө тэргүүлэх гэсэн бодлоготой байдаг.
Манайд 200 орчим мянган исламын шашинтай казак ахан дүүс байж байна. Энэ хоёрын хооронд маш том шашны хагарал гарах магадлалтай болж байгаа юм. Тэгэхээр Туркээс ийм аюултай байдалд оруулж байна л даа. Үүнийг манай улсын эсрэг гэж бас хэлэхгүй л дээ. Манай үндэстний эсрэг гэж хэлж болно. Яагаад гэвэл улс гэдэг ухагдахуун бол ард түмнээс бүрдэнэ. Бид яг өнөөдрийн байдлаар 3,6 саяуулаа байна шүү дээ. Үндэстэн гэдэг маань биеэ орхиод тэнгэрт харьчихсан, тоо томшгүй олон манай урьдас, дээдэс мөн хэвлийдээ олдоогүй байгаа, цаашид олдох тоо томшгүй манай хойчис байхгүй юу. Иймээс үндэстэн гэхээр заавал гурван үеийг харж, гурван үеэр сэтгэх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бидэнд хоргүй юм шиг харагдавч хойч үед, 10 жил, 20 жил, түүнээс цааш бол маш их хортой юм байгаа юм. Гол нь бидэнд үндэсний дархлаа, ой санамж байхгүй байна. Ямар үндэстэн гэдгээ өөрсдөө мэдэхгүй байна. Хэлээ мэдэхгүй байна. Түүх нь буруу байна. Энэ бүхэн гадныханд манай үсэг, бичиг, түүх, соёл, газар нутаг луу халдах боломж олгоод байна шүү дээ.
Эртний Түрэгүүд өнөөгийн Туркууд мөн юм уу?
Огтхон ч биш. Энэ бол харьцангуй техник асуудал л даа. Яагаад гэвэл эх сурвалж дээр нь байгаа байхгүй юу. Эхэлж заавал аймаг үүснэ. Түрэг аймгийг Ашна овгийнхон үүсгэсэн. Тэд хаанахын хүмүүс вэ гэхээр Абакан гол, Енисей мөрний дунд оршиж байсан Суо улс юм. Тэгээд улсаа мөхөөгөөд, тэр нь бол Хүннүгийн хойно гэж бичээстэй байгаа. Хүннүгийн хойно гэхээр Хүннү муудсан үе байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь нийтийн он тооллын нэгдүгээр, хоёрдугаар зуун байгаа. Урагшаа баруун далайн баруун талд нутагласан гэж байгаа юм. Энэ баруун далай гэдэг нь Чинхай. Хөх нуураа л ярьдаг юм даа. Дөрвөн далайн дотор байдаг гээд. Тэгээд нийтийн он тооллын 446 онд Алтайн уулсын өмнө хэсэгт 500 өрхтэй ирсэн. Энэ нь ердөө 2500 хүн шүү дээ. Тэгээд тэндээ Жужаны төмөрчин болоод өөрсдийн аймагтай болсон. Аймагтаа бол тэр хавийн, Алтайн уулын өмнөд хэсгийн олон овгуудыг хураачихгүй. Дараа нь 552 онд аймаг нь хүчирхэг болсны дараа гол улсаа, Жужан төрийг хөөгөөд улс болсон юм л даа. Жужан төрийг мөхөөсний дараа Түрэг аймгийн ахлагч Түмэн өөрийгөө ил хаан гэж өргөмжлөөд, тэр хавийн бүх хүмүүсийг удирдаж байгаа юм. Тэгэхээр ийм юм шүү, манай түүхийн хамгийн чухал нь юу вэ гэхээр Орхон, Туул, Сэлэнгэ, Хануй, Хүнүйн сав нутагт бол дандаа Хүннүгийн хойчис байсан. Туркууд бол улсаа 1928 онд БНТУ гэж нэрлэсэн. Энэ бол завшсан нэр л дээ. Би маш товчхон ярьж байгаа юм шүү. Дэлгэрүүлж болно.
Тэгвэл Туркууд яагаад эртний монгол нутагт байсан Түрэгүүдийг бидний өвөг дээдэс гэж яриад байдаг юм бол?
Яагаад вэ гэдэг дээр нэг ийм ухагдахуун байгаа юм л даа. “Гэгээн орон зай сул байдаггүй” гэж Оросууд хэлдэг юм. Бид нар өөрсдөө сүүлийн 30 жил ерөөсөө Чингисээр өвчлөөд, бид нар Чингэсээ дагаж ирсэн гээд, Түрэг чинь бид нарт хамаагүй гэсэн бодлого явчихсан байхгүй юу. Сүүлдээ энэ чинь газар, ус, бичиг, соёлоо ч устгаж байна шүү дээ. Мөн түүнчлэн Турк талаас ч аймаар бодлого явуулсан л даа. Түрэгийн үеийн гурван том бичээс байгаа шүү дээ. Тоньюкукын бичээс, Голтигэн, Билгэ хаанд зориулсан бичээс гээд. Эдгээрийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Соёлын сайд байхад нь зарах тухай ярьсан юм билээ. Түүн дээр манай Д.Эрдэнэбаатар очиж байсан. Тэгээд эд нар чинь ерөөсөө ийм эргүү нөхдүүд юм байна, Турк хүний нүдээр тэгж харж байгаа шүү дээ. Нөгөө хонин сүрэг гэдэг шиг хүн сүрэг юм байна. Яагаад гэвэл түүхээ мэдэхгүй байна. Тэгээд Л.Болд гэдэг нөхрийг энэ талаар ном бичээдэх гэж цаадуул нь хэлсэн байгаа юм. Тэгээд ном бичсэн. Тэр нь судалгаа биш. Тэгээд тэр нь Эрдоганаас шагнал авсан шүү дээ. БНТУ-ын ШУА-ийн хүндэт гишүүн болсон. Тэгсэн манай хэн мундагтаа мөнгө авсан гэж түүхийнхэн ярьж байгаа байхгүй юу. Манай түүхийн салбарынхны байгаа сэтгэхүй нь ийм.
Үндэсний ой санамжгүй Н.Алтанхуяг байна. Ерөнхий сайд байхдаа мань эр: “Туркуудыг өвөг дээдсийнхээ нутагт тавтай морил” гээд л… Юу гэсэн үг вэ? Ерөнхий сайд нь үндэсний ой санамж байхгүй, цэцэрлэгийн хүүхэд шиг юм ярьж байдаг.
Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа “Өө эд нар чинь Орхоны хөндийд төрсөн юмаа” гэж ч байх шиг…
Манай улс төрчид түүхээ мэдэхгүй байна уу, эсвэл өөр ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс ингэж яриад байна уу?
Ер нь түүхээ мэдэхгүй гээд хэлэхэд бол маш энгийн. Гэхдээ үүний цаана их том юм байгаа байхгүй юу. Ер нь манайд эх сурвалж судлал байхгүй байна. Хүмүүс дандаа ховоорл ярьж байна. Тэгээд түүнийгээ мэргэжлийн гэж тайлбарлана. Одоо энэ түүхийн анги төгссөн хүүхдүүдээс эх сурвалж судалж байгаа хүн байгаа юм уу? Байхгүй байна шүү дээ. Хэлний анги төгсөж байгаа хүмүүсээс эх сурвалж судалж байгаа хүн ч алга. Тэгээд ном нь буруу болчихсон, хэл нь буруу болчихсон. Хоёр хэлний дунд төөрчихсөн. Ийм л болчихоод байгаа. Бид цаанаасаа бүр нэг дархлаагүй болчихлоо. Н.Алтанхуяг, Л.Оюу-Эрдэнэ нар яасан тэнэг юм бэ гэж хэлж болно. Гэхдээ энэ хоёр чинь нийт массын төлөөлөл болж харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр цаад гүн, суурь өвчин нь юунд байна вэ гэхээр дархлаа байхгүй, судалгаа байхгүй, үндэсний ой санамж байхгүй байгаад байна. Ингэж л тайлбарлана шүү дээ.Түүнээс бусад нь мэддэг байсан бол энэ хоёр жич юм байна гээд хаячихаж болно.
Харамсалтай нь энэ үйл ажиллагаанд манай түүхчид бас өөрсдөө гар бие оролцоод яваад байна гэж та ярьж байсан. Ер нь сүүлийн үед манай түүхчид түүхээ худалдсан, зарсан гэж хэлж болохуйц явдлууд гарах боллоо шүү дээ?
Туркээс мөнгө аваад явж байгаа Л.Болд, Ц.Баттулга нарыг буруу хэлж байна гээд хэлчиж болж байна. Гэтэл далдуур бас аваад шал худлаа бичиж байгаа нөхдүүд ч байна. МУИС-ийн н.Дэлгэржаргалаас авхуулаад л.. Судлаач хүн чинь билиг өндөр байх ёстой. Би н.Дэлгэржаргалыг ойлгодоггүй юм. Өөрийнх нь билиг их доогуур хүн. Түүхэн талаас нь би бурууг нь хэлж өгч байсан. Бичсэн зүйлээ дөрвөн хуудасны дараа үгүйсгэчихсэн байдаг юм. Ийм хүн хэзээ ч түүх бичих ёсгүй. Бид бол тэгж бичихгүй шүү дээ. Мэдлэггүй гэсэн үг байхгүй юу. Мэдлэггүйдээ ингэж бичээд байна. Нөгөөдүүл нь цаагуураа мөнгө өгч болох юм. Гэхдээ би баталж чадахгүй. Яах аргагүй, хамгийн сүүлд Ц.Элбэгдоржийн санаачилгаар бичүүлсэн. Харамсалтай нь ямар ч эх сурвалжгүй, хувь хүний үзэмжээр биччихсэн байсан. Хоёрт, баахан эх сурвалж бичээд, эх сурвалжаа ойлгохгүй байна. Төөрчихсөн. Ийм л байна даа. Хэлээ засах хэрэгтэй байна. Буруу түүхээ яг үнэн болгох хэрэгтэй байна.
Мэргэн Тоньюкук гэж ер нь ямар учиртай хүн юм бэ?
Анхнаасаа буруу нэрлээд байгаа юм. Билиг Тоньюкук. Энэ билиг гэдэг үг чинь IQ гэсэн оюуны үг байхгүй юу. Хадан дээрээ билиг гэж байгаа. Цэвэр манай үг.
Энэ хүн бол нэрнээсээ тоо, санхүүгээ барьдаг хүн. 70 гаруй настай. Анхандаа Тан төрийн түшмэл байсан байгаа юм.
Энэ хүн юу хийсэн бэ гэхээр буддын шашинтайгаа байх нь бас муу юм аа. Бид алсдаа Тан төрд уусах юм байна. Тийм учраас бид нар эргээд Тэнгэр Этүг болсон. Манайхан тэнгэр үзэл гээд байдаг. Энэ бол сүүлд зохиосон үг. Ер нь их билиг ухаантай хүн байсан.
Энэ хүн тэгээд Туркуудтэй яаж холбогдох юм бэ?
Ямар ч холбоо байхгүй.
Тэгвэл Туркууд яагаад тэнд музей барих гээд байгаа юм бол?
Туркуудтэй холбогдох мөр байхгүй. Нөгөө л Л Болдын хийсэн ном гэхэд ном биш юм л байгаа. Бид өөрсдөө дархлаагүй байна шүү дээ. Түүх нь буруу байна. Эд нар яг яах гээд байна гэдгийг дахиад хэлье, энд 200 мянга гаруй исламын шашинтай хасаг ах дүүс байгаа. Яг манай Орхон, Туул, Сэлэнгэ, Хануй, Хүннү хувьд 2300 жилийн баримтжуулсан түүхийг харахад манайд шашин хоорондын мөргөлдөөн болж байгаагүй. Исламын шашинг бид мэднэ шүү дээ. Шашин хоорондын мөргөлдөөн гээд л. Энэ чинь нилээн түрэмгий шашин. Манайд ийм юм гарах юм бол бид нар бэлтгэлгүй байгаа шүү. Ерөөсөө огт бэлтгэлгүй байгаа. Энэ тухай бодоо ч үгүй явж байгаа. Манай төрийн өндөрлөгүүд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол энэ тухай ойлголт ч үгүй явж байгаа шүү.
Соёлын сайд Ч.Номин хүртэл тэнд музей барих асуудлыг дэмжээд, зураг хөргөө авхуулаад явж байсан…
Үндэстэн орших уу, эс орших уу тухай асуудал яригдаж буй энэ тохиолдолд бол Соёлын сайд зүгээр л нохой барьдаг мод гэдэгтэй адилхан хэрэгсэл байхгүй юу. Чи яв гэхээр явж байгаа хэрэг Н.Цэрэнбатыг, Д.Сарангэрэлийг мэдэж байгаа шүү дээ. Энэ хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь бол манай Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх. Энэ хүн л зогсоох ёстой. БНТУ байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж манайх бэлэглэх гээд байгаа юмуу, эсвэл манайхаас булааж авах гээд байгаа юм уу? Яг л энэ л асуудал байгаа байхгүй юу. Эрдоган нь ирээд, тийм үү? Тэгэхээр сатаарч болохгүй ээ.
Ч.Номинг яриад ч хэрэггүй. Тэр хүн бол ерөөсөө л нохойнд барьдаг мод гэгчээр, зүгээр л хэрэгсэл байхгүй юу.
Дотроо шаналаад л явж байдаг байх. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх.
Та бүхнийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр хүлээж авсан байна лээ. Юу ярьсан бэ?
Хүлээж авсан юм байхгүй ээ. Манай Д.Эрдэнэбаатартай холбоо барьсан. Та нар бичгээ өгөөч гэсэн. Бид нар Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн бичгээ өгсөн. Турк гэж ямар улс юм гэх мэт тайлбарласан бичиг байхгүй юу. Ерөнхийлөгчөө, та юманд хандахдаа битгий нэрэлхүү ханд. Түүхэндээ эзэн шиг ханд!
1992 онд Орхоны хөндийд буй Билиг хааны дурсгалыг худалдах гэрээ хийж байсан гэж Д.Эрдэнэбаатар гуай ярьсан байсан. Энэ талаар танд дуулсан юм байна уу?
Дахиад л, бид зөв ярьж сурах хэрэгтэй. Гол устай бол сав. Орхон, Туул, Сэлэнгийн сав байна. Хөшигтийн хөндий чинь юу билээ. Ус байхгүй. Тэрийг бол Д.Эрдэнэбаатараас өөрөөс нь асуусан нь зөв. Бид нар энэ талаар нэвтрүүлэг хийж хүмүүст хүргэх юм.
Сүүлийн үед Манжийн үеийн бичиг, баримтуудыг Хятадуудад худалдсан гэдэг ч юм уу. Зүчийн улс буюу Алтан ордны улсын түүхийг Казакстанууд өөрийн болгох гээд байдаг гэдэг ч юм уу? Түрэгийн үеийн түүхийг Туркууд өмчлөх гээд байдаг болж. Бид ер нь түүхээ яаж хамгаалах ёстой юм бэ?
Бид үүнийг академик түвшинд шийдэх ёстой.Дундад улсын залуучууд Хубилайг өөрийнхөө хаан гэдэг. Манайхан үгүй гэдэг, тийм үү. Хятадуудын өвөг дээдэс нь Юань улсын төрд алба хааж байсан уу? Хааж байсан шүү дээ. Татвараа төлж байсан уу? Төлж байсан шүү дээ. Гэхээр танай хаан мөн. Гэхдээ гарал үүсэл нь биш ээ, зөв үү? Ингэж хүнтэй нарийн, зөв ярьж сурах хэрэгтэй байхгүй юу. Зүчийн улсын чинь гол иргэд нь хэн байсан юм. Мөн Хүлэгүгийн улс байна. Хүн амын дийлэнх нь хэн юм? Персүүд биз дээ? Персүүд чинь манай хаан гэж хэлнэ шүү дээ. Гэхдээ манай Хамаг Монгол хаан л гэж хэлэх байхгүй юу. Тэгэхээр бид илүү оюунлаг байх хэрэгтэ. Хамгийн чухал нь газар ус, газар ус, үсэг бичгээ алдах юм бол түүхээ алдана, соёлоо алдана, газар усаа алдана. Энэ нь тэдэнд маш том боломж. Мөн үндэстэнд ямар аюул байна гэвэл төрийн гурван өндөрлөг болон бусад өндөр албан тушаалтнууд зарим үгийг хэлж болохгүй тохиол байна. Хэлж болохгүй үгийг хэлчих юм бол улс орондоо хохирол авчирна шүү дээ. Болдог юмаа хэлж чадахгүй өнгөрөөх нь бас муу. Болохгүй юмаа ярьж болохгүй байхгүй юу. Харин тэдний ярьж болохгүй зүйлийг бид нар, ТББ-ууд ярьж болж байгаа байхгүй юу. Билиг Тоньюкукын энэ музей бол манай үр хойчсыг, казак ахан дүүсийн үр хойчистой цуст мөргөлдөөн л гарна гэсэн үг шүү дээ. Үүнийг би 4 жилийн өмнө бичээд явуулж байсан шүү дээ. Үүний дараа цэрэг орж ирвэл яах вэ? Хоёр талаас. Үүнийг бодсон юм уу?
Би өөрөө ЗХУ-д Улсыг аюулаас хамгаалах дээд сургууль төгссөн л дөө. Би геополитик мэдэхгүй ч гэсэн гадарлана. Нилээн гадарлана.
Мэдээллийн хувьд ч гэсэн надад бол бололцоотой. Орос, англи, хятад эх сурвалжаас нь. 2300 жилийн түүхээсээ, дундад улсын бичгээс, ямар тохиолдолд бид улсаа сүйтгэж байсан баримтуудыг мэдэж байна шүү дээ. Давтагдах гээд байна шүү дээ. Тийм учраас бид хэлэх үүрэгтэй биз дээ. Өөр хэлж байгаа хүн байхгүй. Өнөөдөр бас ийм ТББ-тай байна гэдэг чинь, эх сурвалжаа судалчихсан, судалгаатай байна гэдэг бол бас бидний дархлаа л юм байна л даа. Хүн үндэсний дархлаа. ШУА-н нөхдүүдийг би мэднэ. Тэднийг Соёлын сайд нь юм уу, Ерөнхий сайд нь дуудахад номхон зогсоно шүү дээ. Тэгэхээр энэ үндэсний ой санамжийг сэргээдэг, судалдаг, хийдэг хүмүүс нь улс төрчдөөс хамааралтай бол энэ улс мөхнө шүү дээ. Тэгэхээр хэн сэрэмжлүүлэх юм бэ? Бид нар мундагтаа биш. Бид нар судалгаа хийдэг учир түрүүлж харчихаад, өөр хэлэх хүн байхгүй учир, шаварт орсон шарын эзэн гэгчээр бид нар хэлж байгаа байхгүй юу. Болдогсон бол өөр хүний ард ороод нуугдчихмаар л байна. Одоо тийм боломж байхгүй шүү дээ. Өөр хэн хэлэх юм.
Ярилцсан Ч.Явуухүү