Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн удахгүй хийх айлчлалыг Хятад улс хоёр орны стратегийн харилцан итгэлцэл, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх завшаан хэмээн үзэж тэсэн ядан хүлээж байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Шинхуа агентлагаар дамжуулан мэдэгджээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр болсон талаар мягмар гарагт мэдэгдсэн байна.
“Хятад Улс энэхүү айлчлалыг стратегийн харилцан итгэлцэл, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятад, Монголын харилцааг шинэ шатанд гаргахад сайн хөршийн харилцаанд үлгэр жишээ үзүүлэх боломж болгон ашиглахын тулд Монгол Улстай хамтран ажиллахыг хүсэж байна” гэж хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь мэдээлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга нар тус тус уулзана гэж хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
Хоёр орны удирдагчид хоёр орны харилцаа, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, Хятад, Монголын харилцааны цаашдын хөгжлийг хамтаар төлөвлөнө гэж тэрбээр хэлжээ.
Удахгүй болох айлчлал нь У.Хүрэлсүхийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Хятад улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны найрамдал хийгээд өндөр дээд түвшинд нягт хэлхээ холбоотой байдаг сайхан уламжлалыг үргэлжлүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг харуулж байгааг хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.
У.Хүрэлсүх 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Хятад улсад албан ёсны айлчлал хийж байв.
Айлчлалын талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас өчигдөр мэдээлсэн бөгөөд айлчлалын үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах талаар мэдээлсэн байна.