Олон улсын улс төр, эдийн засагч, орчуулагч Э. Содонтогосыг МОНЦАМЭ агентлагийн захирлаар томилжээ. Сайхан мэдээ. Холын газар суугаа би төрийн хэрэгт хошуу дүрэхгүй ч, салбарынхаа төлөө санаа чилээж л суудаг юм.
Монгол Улс төрд бэлтгэгдсэн боловсон хүчний нөөцөө хэрэгтэй цаг үедээ, зөв газарт нь гаргаж, томиллоо гэж харж байна. Ялангуяа дэлхий нийтэд гадаад харилцааны салбар эмзэг ийм чухал үед мэргэшсэн хүнээ томилж буй нь сайн хэрэг. Э. Содонтогосын хувьд Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нартай хамтран ажиллаж, гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулж чадсан томоохон төлөөллийн нэг. Түүний эхлүүлсэн, дуусгасан ажлын үр дүн ойроос сонсогдоно л доо. Монголын Мянганы Сорилтын сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын ундны усыг 100 жилээр хангах төслийн ” автор” нь Содоо.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот ойрын 100 жилдээ ундны усаар тасрахгүй гэсэн үг. Ийм том төслийг Монголынх болгож чадсан энэ эрхэм бүсгүйд бид талархах хэрэгтэй. Түүний гадаадынхантай харилцах мэдрэмж, хурд, харж буй өнцөг нь хэдийнэ төрд бэлтгэгдсэн жинхэнэ мэргэжлийн хүн л дээ. Дан ганц төслөөр дагнаагүй. Оюун санааны хөрөнгө оруулалтад гар бие оролцсон хэвээрээ. Хэдхэн сарын өмнө Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн агсны ” Тамгагүй төр” жүжгийг анх удаа англи хэлээр орчуулан хөрвүүлж үзэгчдэд хүргэсэн. Түүнийг бүх цаг үед үзэл санааны лидерийн чанараа алдаагүй гэж үеийнхэн нь бахархдаг юм.
МОНЦАМЭ бол том агентлаг. Олон улсын төвшинд Монгол Улсаа төлөөлж чадах “том тоглогч” гарч ирлээ гэж харж байна.
Мэдээллийн эрин зуунд бөмбөрцгийн нөгөө талд ч Монгол Улсаа таниулах, сурталчлах, цаг үеийн мэдээ мэдээлэл дэлхийн цагтай зэрэгцэж алхах нь ээ.
ЯПОН УЛС.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2022.11.21.