Б.ДОЛЖИНЖАВ
Дархан-Уул аймагт амьдардаг 16 настай охин алга боллоо гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдөр иржээ. Үүнээс найм хоногийн дараа буюу энэ сарын 18-ний баасан гарагт Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “Эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж түүнийг хамаарал бүхий этгээдтэй хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсан болохыг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагаа зогсоож, ар гэрт нь хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулж байна” гэж мэдээлсэн. Үүнтэй зэрэгцэн “хамт явсан хүн нь найз залуу нь байжээ” гэсэн мэдээллийг зарим хэвлэл охины зурагтай хамт тараасан нь сэтгүүлчдэд ёс зүй, хүн чанар, эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавьж үзэх гэсэн олон чадвар мэдээллийн хурдаас илүүтэй дутагдаж байгааг харуулсан юм. Тиймээс Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Гэмт хэрэг ба ёс зүй” сэдэвт сургалтад сэтгүүлчдийг хамруулан аливаа гэмт хэрэг, зөрчлийг хэрхэн ёс зүйтэй, зөв мэдээлэх талаар мэдлэг, ойлголт өгсөн юм.
Төв талбай дээр өөрийгөө шатаасан иргэн, хүчирхийлэлд өртсөн есөн настай охин, өнгөрсөн онд нас барсан сагсан бөмбөгийн хоёр тамирчинтай холбоотой мэдээллийг хэвлэлүүд хэрхэн нийтэлсэнд сургалтын эхэнд сэтгүүлчид дүн шинжилгээ хийлээ. Ингэхэд сэтгүүлчид гэмт хэргийн талаар сурвалжлахдаа Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 4.1 “Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ”, 4.6 “Осол, гамшиг, гэмт хэргийн зураг дүрсийг нийтэд хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотныхон болон хүүхэд, өсвөр үеийнхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй хандана”, 6.5 “Гэмт хэрэг, ослын хохирогчид нэр, нас, албан тушаал болон бусад хувийн мэдээлээ хамгаалуулах эрхтэй” гэсэн заалтыг ихэнхдээ зөрчиж байна. Тодруулбал, ямарваа гэмт хэргийг үйлдсэн нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэн нэгнийг гэмт хэрэгтэн хэмээн мэдээлэх, гэмт хэргийн бүх явцыг нарийвчлан дүрслэх, хохирогчийн гэр бүлийнхэн, тухайн хүний сэтгэл санааны байдлыг үл харгалзан хэтэрхий их дуулиантайгаар мэдээлэх гэсэн түгээмэл алдааг сэтгүүлчид гаргадаг байна. Эдгээр зохисгүй мэдээллийн улмаас амиа хорлох оролдлого хийж байсан тохиолдол бүртгэгдсэн гэдгийг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа П.Болормаа илтгэлдээ дурдсан юм.
Тэрбээр “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Хэвлэл мэдээллийн байгууллага нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах, гэмт хэрэг зөрчлийн хор уршгийг олон нийтэд таниулах, сэрэмжлүүлэхийг гол зорилгоо болгоно” гэж заасан байдаг. Гэрч, хохирогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хувийн байдалтай холбоотой мэдээллийг тараах, хохирогчийг буруутгасан мэдээ, нэвтрүүлэг хийхийг дээрх хуулиар хориглосон. Мөн гэмт хэргийн талаар мэдээлэл авсан тохиолдолд олон нийтэд хүргэхээс өмнө цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Гэвч хэвлэлүүд тухайн хохирогч хаана амьдардаг, аль сургуулийн хэддүгээр анги гэсэн танигдахуйц хувийн мэдээллийг тараадаг. Тухайн хүний аюулгүй байдалд ямар эрсдэл учрах талаар тооцоолдоггүй. Ийм мэдээллээс болоод сэтгэл зүйн дарамтад орж амиа хорлох ордлого хийсэн хүүхдийн хэрэг ЦЕГ-т бүртгэгдсэн. Тиймээс таны түгээж буй мэдээлэл тухайн хүүхдийн ирээдүй, сэтгэл зүйд ямар хор хохирол авчрах вэ гэдгийг сайн бодож үзэх нь хамгаас чухал” гэсэн юм.
Гэмт хэргийн улмаас амиа алдсан иргэний гэр бүлийнхэн, ойр дотныхонд тухайн мэдээлэл хэрхэн хүрэх талаар сэтгүүлчид бодож үзэлгүйгээр нарийвчилсан зураг, бичлэг түгээж байгаа нь өнөө цагийн сэтгүүл зүйд хурд бус хүн чанар, ёс зүй хамгийн ихээр дутагдаж байгаагийн илрэл юм.
Энэ талаар ХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүн Ц.Чимэддондог “Мэргэжлийн хүн л ёс зүйг баримталдаг. Тиймээс ёс зүйтэй байх нь тухайн ажилтны хамгийн чухал ур чадварт тооцогддог. Үнэт зүйл, зан заншил, ёс уламжлалын байдлаар нь ёс зүйг хэмждэг. Сэтгүүл зүй үнэнийг эрж мэдээлэх, хор хохирлыг багасгах, хариуцлагатай, эргэх холбоотой байх, хараат бус ажиллах гэсэн үнэт зүйлтэй. Түүнчлэн ёс зүйгүй үйлдэл гаргасан сэтгүүлчид түүхэнд муугаар үлддэг. Тиймээс “Эхлээд зөв дараа нь хурдан бай” гэсэн зарчмыг олон улсын сэтгүүлчид баримтлахыг зорьж байна. Хэн нэгнийг буруутгахаас илүү өмөөрөх, хамгаалах нь сэтгүүлчдийн үнэт зүйл болсон” гэж ярьсан юм.
Харин Монголын гэрэл зургийн нэгдсэн холбооны зурагчин Э.Харцага “Миний сурвалжлага ба миний түүх” сэдэвт илтгэлээ танилцуулахдаа сэтгүүлч, зурагчдад хүн чанар хамгаас чухал болохыг тодотгов. Тэрбээр “Гэмт хэргийн газар очиж зураг авахдаа хэрэгтний нүүр царайг ил харуулахгүйгээр дарахыг хичээдэг. Тухайн хохирогч, хэрэгтний зургийг бусдад танигдахуйц ил нийтэлвэл үр хүүхэд, гэр бүлийнхэнд нь хэрхэн тусах, амьдралд нь яаж нөлөөлөх талаар үргэлж боддог. Ямар ч үед гэрэл зурагчин хүн чанараа гээж болохгүй. Тиймээс аливаа осол, гэмт хэргийн өгүүлэмжийг хүнээр бус бусад эд зүйлсээр дамжуулан илэрхийлэхийг зорьдог” гэв.
Мэдээ, нэвтрүүлэг бэлтгэхдээ хүн чанартай байхыг эрхэмлэхийн сацуу Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа сайтар судалж, түүнийг ягштал мөрдөх нь ёс зүйгүй алдаа гаргаж, бусдыг хохироохгүй байх нэгэн чухал хөшүүрэг гэдгийг сургалтаар сэтгүүлчид сайн ойлгосон юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 226 (6958)