Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөл ажиллажээ.
Томилолтын эхний өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводын үйл ажиллагаа, ажлын явцтай танилцаж, үйлдвэрийн удирдлага, ажилтнуудтай уулзсан байна.
Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах, нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг салбарын сайд Ж.Ганбаатар Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн талаар танилцуулж, 99.5 мянган га талбайд 6 хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгосныг үйлдвэрийн удирдлагуудад гардуулав.
Цаашид эдгээр талбайд хайгуулын ажлыг үр дүнтэй гүйцэтгэж, нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатайг салбарын сайд уулзалтын үеэр онцолжээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өглөө.
Түүнчлэн албаны төлөөлөл Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨҮГ-ын Төмөртэйн ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Төмөр замын байгууламжийн үйл ажиллагаа, Нойтон баяжуулах үйлдвэр, Цувих цехийн ажлын явцтай танилцсан бөгөөд томоохон нөөц бүхий өөрийн ордоо хаягдалгүй ашиглаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэн улсдаа ганц хүнд үйлдвэрээ өргөжүүлэхийн төлөө тал бүр идэвх гаргаж ажиллах хэрэгтэйг онцолсон хэмээн Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.