УИХ-ын гишүүд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Байрны урьдчилгаа төлбөрийн дарамтын асуудал бий. Энэ нь залуу гэр бүлд санхүүгийн асар их дарамт үүсгэдэг. Дараагийн нэг асуудал бол тендерийн барьцаа баталгаа юм. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 60-70 мянган орчим аж ахуйн нэгж бий. Үүний 20-30 хувь нь барилгын салбарт байна.
Тэд өөрсдийн өмч хөрөнгөө гурван сараас гурван жилээр байршуулан царцааж байна. Хувийн хэвшлийн болон төрөөс зарласан бүх тендерт оролцоход 50 хувьтай тэнцэх мөнгийг 2-3 жил буюу тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэж дуусах хүртэлх хугацаанд зарцааж байгаа.
Даатгалын болон Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэд, ААН-д дарамт болж байгаа асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг гаргаж ирж байна. Банкны барьцаа баталгаа, урьдчилгаа төлбөрийг орлох шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх эх үүсвэрийг нь хууль эрх зүйн орчноор нээж өгч байгаа. Энэ бол даатгалын баталгааны асуудал.
Сүүлийн таван жилийн хугацаанд нийт 20 их наяд төгрөгийн бараа ажил үйлчилгээний тендер зарлагдсан байна. Үүнээс 2.3 их наяд төгрөгийн барьцаа баталгааг банканд байршуулсан. Энэ их хэмжээний мөнгө санхүүгийн зах зээлд эргэлдэж, ААН-үүд үйл ажиллагаанд зарцуулж байсан бол эдийн засаг хэрхэн тэлэх байсан бэ? Тухайн мөнгө ямар нэг хүүгүйгээр банканд царцаж байгаа гэсэн үг. Тэгэхээр үүнийг эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оруулах, эдийн засаг өсөж тэлэх боломжийг бүрдүүлэх үүднээс өөрчлөлт хийнэ” гэлээ.
Иргэдийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой гэдгийг тэрбээр дурдаад “Ийм шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх тухай ярьж байгаа юм. Олон улсад энэ практик нэвтэрсэн байдаг.
Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хувьд даатгалын компани баталгаа гаргах боломж бүрдэнэ. Залуу гэр бүлүүд илүү хямд, амар байдлаар орон сууцны урьдчилгаа төлбөрийн дарамтыг шийдэх боломжийг бүрдүүлнэ. Бизнес эрхлэгчдийн хувьд 2.3 их төгрөгийн банкны баталгааг царцаах биш даатгалаар шийдэх боломж байна.
Байрны урьдчилгаа төлбөр, тендерийн барьцаа баталгаа ч байсан 20-40 дахин хямд эх үүсвэрийг санал болгож байгаа юм. Тухайн бүтээн байгуулалтыг хийж буй компани 250 сая төгрөгийг банканд байршуулж царцаах уу, таван сая төгрөгөөр даатгуулагч болох уу гэдэг сонголтыг бий болгоно” гэдгийг хэллээ.