ЭМГЭНЭЛ
ШАРАВЫН ЧОЙМАА
(1951-2022)
Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Шаравын Чоймаа 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр таалал төгсөж Монголын боловсрол, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ш.Чоймаа 1951 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Шар харгана хэмээх газар мэндэлж, эрдэм номтой аав, элбэрэл төгөлдөр ээжийнхээ гар дээр бага насаа өнгөрүүлжээ. Улмаар 1971 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын нэгдүгээр 10 жил, 1976 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын багшийн ангийг дүүргэжээ.
Тэр бээр 1976 оноос хойш төрөлх их сургуульдаа тасралтгүй 37 жил багш, 1989-1992 онд Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, 1996-2000 онд Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. Мөн 1980-1983, 1992-1995 онд Хумбольдтын Их Сургуульд зочин профессороор уригдан багшилжээ.
2003 онд “Монголын Нууц Товчоо, Лувсанданзаны Алтан товчийн эхийн харьцуулсан судалгаа” сэдэвт бүтээлээр хэл шинжлэлийн ухааны доктор, 2004 онд “Монгол түүхэн сурвалжийн эх бичгийн судалгаа” сэдэвт бүтээлээр хэл шинжлэлийн ухааны шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1996 онд МУИС-ийн дэд профессор, 2011 онд профессор цол хүртсэн.
Доктор, профессор Ш.Чоймаа “Монголын нууц товчоон, Лувсанданзаны Алтан товч: эхийн харьцуулсан судалгаа”, “Хаадын үндсэн хураангуй алтан товч”, “Монголын нууц товчоо” хийгээд монгол сурвалж бичгийн судлал”, “Монголын нууц товчоо”, “Монгол уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм”, “Тэмүжин хөвгүүнээс тэнгэрлэг эзэнд”, “Буддын шашин соёлын тайлбар толь”, “Монгол хэлний хэлзүйн толь бичиг”, “Монгол бичгийн хэлний тонгоруу толь бичиг”, “Монгол хэлний хадмал толь”, “Монгол хүний нэрийн толь” зэрэг олон шилдэг бүтээл туурвижээ.
Ш.Чоймаа 1988 оноос эхлэн сонин, сэтгүүлд монгол бичгийн хичээл тогтмол нийтлүүлж байгаад 1989 оноос Монгол телевизээр бүх нийтийн монгол бичгийн сургалтад зориулсан цуврал хичээл заасан нь үндэсний бичиг үсгээ сурч мэдэх хүсэл тэмүүллийн галыг бадраасан их үйл хэрэг болсон юм.
Тэр бээр монгол хэлний дархлааг бэхжүүлэх, монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, “Монголын нууц товчоо”-г эрхэмлэн дээдлэх үйлсэд манлайлан оролцож монгол төрийн хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ.
Төр, засгаас түүний хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвилыг өндрөөр үнэлж 2002 онд “Монгол Улсын гавьяат багш”, 2006 онд “Монголын нууц товчоон, Лувсанданзаны Алтан товч: эхийн харьцуулсан судалгаа”, “Хаадын үндсэн хураангуй алтан товч” хэмээх хоймсон бүтээлд нь “Монгол Улсын Төрийн шагнал”, 2017 онд “Монгол Улсын Ардын багш” цол хүртээжээ.
Шаравын Чоймаа нь “Уламжлалт ёс суртахуун, монгол хэл, бичиг, монгол сэтгэлгээ, шашин соёл, дотоод сэтгэлийн ариусал, үндэсний эрх ашгаа бодох ухаарал нь монголчуудыг аварна” хэмээх үзлийг чин бат баримталж, насан турхруу эх хэл, үндэсний бичиг, өв соёлоо заан сургах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хичээн зүтгэсэн нэрт сурган хүмүүжүүлэгч, дэлхийн монгол судлалын гарамгай эрдэмтэн, монгол түмний их соён гэгээрүүлэгч байлаа.
Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, элбэрэлт асрангуй, шаргуу бүтээлч, тууштай зарчимч зан чанар, оюун билгийн гэгээн үйлс, дөлгөөн хичээнгүй дүр төрх нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөрч үлдэх болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,
Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар,
Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ