УХТЭ-ийн Бөөр дотоод шүүрлийн тасгийн бөөр эмч Б. Жанебек хэлэхдээ “Чихрийн шижин өвчний том хүндрэлийн нэг бол бөөрний хүндрэл байдаг. Ялангуяа сүүлийн үед чихрийн шижин өвчний хяналт муу байгаатай холбоотойгоор бөөрний хүндрэл улам ихсэх болсон.
Тодруулбал, бөөр орлуулах буюу диализ эмчилгээнд орж байгаа иргэдийн дунд чихрийн шижингийн шалтгаанаас үүдэж бөөрний дутагдалд орсон өвчтөнүүдийн тоо ихсэж байна гэсэн үг. Энэ нь нэг талаар чихрийн шижингийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой боловч нөгөө талаар хяналт нь сул байгаатай холбоотой юм.
Уг нь бөөрний хүндрэл бол даамжруулахгүй байх боломжтой. Ингэхийн тулд чихрийн шижингээр оношлогдсон иргэд хяналтаа сайжруулах шаардлагатай. Хяналтаа сайжруулбал бөөрний дутагдал буюу бөөрний хүндрэлээс тодорхой сэргийлж болно.
Тухайлбал, чихрийн шижингээр оношлогдсон хүмүүс:
- Даралтаа сайн хянах,
- Сахарын гурван сарын дундаж хэмжээг 6.5 хувиас бага байлгахад анхаарах,
- Шээсэнд уураг ялгарч байвал аль хэдийн бөөрний хүндрэл үүсээд эхэлсэн гэж үздэг тул шээсний шинжилгээгээ байнга хянуулж байх,
- Тамхинаас татгалзах,
Хоолны дэглэмээ сайжруулах зэрэг таван зүйлд л анхаарвал хүндрэл үүсэхээс сэргийлэх, хүндрэл үүссэн тохиолдолд ч даамжруулахгүй байх боломжтой гэж үздэг.
Хоолны дэглэмийн хувьд, тусгай хоол зүйч өвчтөнүүдэд меню зохиож өгдөг буюу өдөрт авах ёстой калорын хэмжээг тооцоолсон байдлаар хооллохыг зөвлөдөг. Ингэж хоолны менюг нь зохиож өгснөөр тухайн өвчтөнүүдийн хяналт сайжирна гэж үздэг юм. Гол нь иргэд өөрсдөө эрүүл мэнддээ санаа тавьж, хүндрэлээс сэргийлэх тал дээр анхаарах хэрэгтэй” гэлээ.